Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

Гурав дахь хүүхдийг дэмжих бодлого одоо л хэрэгтэй байна

Н.Пунцагболд
2014 оны 11 сарын 26
Монголын мэдээ
Зураг зураг

Монголын хүн ам таван сая болчихвол  дэлхийг эзлэх учиртай. Жаахан хэтрүүлж хэлж байгаа санаа юм билээ.

Түүнээс биш дэлхийг эзлэх нь ч юу юм. Харин эдийн засгийн эргэлт хурдасч, зөв зохион байгуулж чадвал өргөн уудам нутаг эзэнтэй болох юм.  Тэгэхийн тулд төр засгаас хүн амын өсөлтөд чиглэсэн бодлого баримтлах шаардлагатай байна. Манай төр засгийн нөхдүүд хүүхэд бүрт сард 20 мянган төгрөг өгч байгаагаа хүн амын өсөлтийг дэмжиж байгаа бодлого гэж андуураад байх шиг.  Яах вэ, оргүйгээс охинтой гэгчээр хэрэг болох хүндээ хэрэг болж л байгаа байх.

Гэхдээ хүүхдийн 20 төгрөгөөс үүдэлтэйгээр нэн ядуу иргэдийн төрөлт ихэсч байна. Ажил хийдэггүй, ердөө л жирэмсний таван сартайгаас төрсний дараах таван сар хүртэл өгдөг 40 мянган төгрөг болоод хүүхдэд сар бүр өгдөг 20 мянган төгрөгийн төлөө төрж байна. Тэд төрөхийн өмнө эх хүнд хэрэгтэй эм, витаминыг ууж чаддаггүй. Шаардлагатай хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж, авах ёстой уураг, бодисоо ч авч чаддаггүй. 

Түүнээс нь болоод төрөлхийн эмгэгтэй, өвчтэй хүүхэд төрж байна.  Дээрээс нь нэн ядуу айлын хүүхдүүд наад захын хэрэглээг хэрэглэж чадахгүй байгаа. Хувцас хунар, хоол унд гээд л. Дээрээс боловсрох асуудлыг бүр ч ярилтгүй. Ингээд л Монголд нэн ядуу болон ядуу гэсэн тодотголтой иргэдийн тоо, эзлэх хувь өссөөр.  Тиймээс хүн амын өсөлтийг дэмжих бодлого гэж байгаа юм бол түүнийгээ дорвитойхон болгомоор байна. 

 Өнөр өтгөн айл болох, аз жаргалтай амьдрах, цаашлаад улс орны хүн амыг өсгөх зорилготой.

Ядаж дундаж амьдралтай иргэдийн төрөлтийг дэмжих бодлого хэрэгтэй байгаа юм. Баячууд яах вэ, тэртээ тэргүй эдийн засагт тулгуурлаж хүүхэдтэй болох эсэхээ шийдэх биш. Тэжээж дийлэхгүйн зовлонгүй болохоор хэдэн ч хүүхэдтэй болсон болно. Гагцхүү эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг гэдгийг жаахан мартчихаад байгаа юм. Тиймээс л дундаж амьдралтай иргэдийн төрөлтийг дэмжих бодлого шаардлагатай байгаа юм шүү дээ.  Уг нь зарим нэг хүмүүс айлын хоёр, гурав дахь хүүхдийг дэмжих бодлого барина. 

Гурав дахь хүүхдээ төрүүлсэн ээжид сар бүр цалингын доод хэмжээтэй дүйцэхүйц мөнгө олгоно гэж яриад байсан. Уг нь бол хэрэгтэй л төсөл. Харамсалтай нь өнөөдөр хэрэгжиж байгаа юм алга.  Мэдээж дундаж амьдралтай иргэд гэр бүлээ төлөвлөөд, боломжоороо улсынхаа хүн амыг нэмж л байгаа. Нэг үеийг бодвол төрөлт нэмэгдсэн. Гэхдээ таван сая болтол хаа ч байсан юм. Тэгээд ч төрөлт нэг үеэ бодвол нэмэгдсэн нь ердөө л хүн амын эзлэх хувийн дийлэнх нь залуучууд байгаа болохоор тэр. 

Өнөөдөр 20-35 хүртэлх настай залуу гэр бүлийн ихэнх нь 1-2 хүүхэдтэй байна. Гурван хүүхэдтэй айл нийт залуу гэр бүлийн тун бага хувийг эзэлж байгаа. Залуус хоёр зэрэг ажиллаж, орон байр, машин унаатай болох гээд зүтгээд байгаа болохоор тэр шүү дээ. Бүр зарим нь ганцаараа ажиллаад гэр бүлийнхээ хэрэгцээг хангалттай хангаж чадахааргүй болчихдог. Ингээд л хүүхэд төрүүлэхийг хойш нь тавиад байна. 

Хэрвээ гурав дахь хүүхдийг дэмжих бодлого батлагдаад, мөнгө төгрөгөө өгөөд, хөшүүрэг хийгээд явбал байдал огт өөр болно. Ихэнх залуу гэр бүл гурав дахь хүүхдээ төрүүлэх байх. Яах вэ, өнөө ядуу эгнээнд байгаа, хүүхдийнхээ мөнгөөр амь зуудаг хэсэг төрдгөөрөө төрөөд, хүүхдийнхээ тоог нэмдгээрээ нэмээд л явна. Гэхдээ одоогийнх шиг зөвхөн ядуус нь хүүхдийн мөнгөний төлөө төрж, хатуухан хэлэхэд, хүүхдээрээ ашиг олж, амь зууж байгаагаас хамаагүй дээр.  Дундаж амьдралтай залуу гэр бүлийн хүүхэд төрүүлж байгаа зорилго огт өөр шүү дээ. 

 Гурван хүүхэдтэй айл нийт залуу гэр бүлийн тун бага хувийг эзэлж байгаа

Тэд өнөр өтгөн айл болох, аз жаргалтай амьдрах, цаашлаад улс орны хүн амыг өсгөх зорилготой. Гагцхүү нэг нь хүүхдээ хараад гэртээ суучихаар амьдралдаа хэрэгцээтэй бйгаа зүйлсээрээ өөрсдийгөө хангалттай хангахад нь төр оролцож байгаа хэрэг. Дээрээс нь дундаж амьдралтай гэр бүл үр хүүхэдтэй хэрэгцээтэй наад захын бүх хэрэглээг хангаж чадна. Шаардлагатай боловсролыг олгоно. Монгол Улсад нэг ч болов хүн нэмэгдэж байвал хэрэгтэй. 

Гэхдээ ирээдүйд энэ улс орныг авч явах, ачааг нь үүрэлцэх, боловсролтой, ажил мэргэжилтэй хүмүүс олон байвал хэрэгтэй шүү дээ. Тийм хүмүүсийг дундаж амьдралтай өрхүүд бий болгох нь илүү юм. Мэдээж ядуу гэгдэж байгаа хүмүүс ажилтай, орлоготой, боловсролтой болохгүй гэсэн юм байхгүй. Тэд ч дундаж, цаашлаад баян ч болж болно.  Түүнийг үгүйсгэхгүй.

Дээрээс нь сард 20 мянган төгрөг өгсөн ч, 200 мянгыг өгсөн ч тэд энэ мөнгөөр амьдрахын тулд хүүхэд төрүүлж байгаа бол түүнийгээ хийж л байна. Харин 20 мянган төгрөг авахын тулд дундаж амьдралтай залуу хүүхэд төрүүлэхгүйд л учир байгаа юм.  Тиймээс тэдэн рүү чиглэсэн бодлого хэрэгтэй байна.

Зураг