Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хуурамч диплом, гэрчилгээний асуудал ҮГҮЙ болно

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2014 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долдугаар сард БШУ-ны сайдын тушаалаар энэ салбарт удирдлагын мэдээллийн системийг хэрэгжүүлэх шийдвэр гарсан. Тэгвэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд ямар үр дүнд хүрсэн бэ гэдгийг ажлын хэсгийн гишүүд болох БШУЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, Дотоод аудитын газрын дарга Л.Лувсанжамц, төслийн удирдагч н.Лхагвасүрэн нар өнөөдөр танилцууллаа. 

Дэлхийн орчин үеийн боловсролын салбар мэдээллийн технологийн хөгжил дээр суурилах болсон. Үүнтэй холбоотойгоор суралцаж байгаа сурагч, оюутнуудын харилцаа, хичээл зааж буй багш нарын заах аргыг сайжруулж, сургалтын материал, эцэг эх сургуулийн харилцаа холбоог дэмжих зорилгоор энэ мэдээллийн системийг хийж байгаа юм байна. 

Одоогийн байдлаар бүртгэлийн хэсэг бэлэн болсон бөгөөд нийт ЕБС-ийн  сурагчдын мэдээллийг бүртгэсэн байгаа бөгөөд ирэх хавар гэхэд системийн Удирдлагын хэсэг бэлэн болох гэнэ. 
 

Энэ систем бүрэн ажиллаж эхэлснээр төсвөөс 4-5 тэрбум төгрөгийн ачааг хөнгөлөх аж. Мөн бүртгэлийн оновчтой систем бий болсноор хуурамч диплом, гэрчилгээний асуудал үгүй болох сайн талтай гэлээ. Мөн тус системээр оюутны тэтгэлэг 70200 төгрөгийг ч олгоход амар болох бөгөөд зарцуулалтыг нь хянах боломжтой ажээ.

“Боловсролын салбарын мэдээллийн систем”-ийн тусламжтайгаар бүх төрлийн сургуулиудын чансааг үнэн зөвөөр гаргах юм байна. Ингэснээр дэлхийн шилдэг их сургуулиуд шиг Монголдоо сургуулиудыг чанараар нь жагсаах бөгөөд иргэд үнэн зөв мэдээлэл авч, дүгнэлт хийх бололцоотой болох аж.

 

БШУЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, Дотоод аудитын газрын дарга Л.Лувсанжамц “Салбарын тухай үнэн зөв, бодитой мэдээлэл дээр үндэслэж шийдвэр гаргах хэрэгцээ байна. Жишээ нь өнгөрсөн жил ЕБС-иудын хувьд нийт  520 мянган хүүхэд суралцаж байгаа гэсэн мэдээлэл гарсан байна.

Бид энэ дүн мэдээг олон шат дамжлагаар авдаг байсан. Гэтэл шилжилт хөдөлгөөний улмаар хүүхдийг төдийлөн сайн бүртгэж чаддаггүй. Тодруулбал өнгөрсөн жилийн хугацаанд давхар бүртгэлтэй хүүхэд 10 мянга орчим байсан гэсэн мэдээ бий. Өнөөдөр энэ асуудлыг бид энэхүү системийн тусламжтайгаар цэгцэлсэн”

 

 

Төслийн удирдагч н.Лхагвасүрэн "Мэдээллийн системийн гол зорилго нь хүн ямар чадвартай болов, ямар мэдлэгийг олж авсан бэ гэдгийг ил болгох юм. Нөгөө талаасаа мэдээллийн систем нь бидэнд үнэлгээ хийхэд тусална.

Тухайн хүүхэд олж авч байгаа мэдлэг нь стандартын түвшинд байна уу үгүй юу гэдгийг тогтоох, мөн тэрхүү стандарт нь өөрөө дэлхийн шилдэг сургуулиудтай харьцуулахад ямар түвшинд явж байна вэ гэдгийг тогтоох боломжтой болж байгаа юм" гэв.