Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Ерөнхий сайдын эхний томилолт Хонг Конг бол ...

Ч.Болортуяа
2014 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Улстөр хаашаа ч эргэсэн бултаж болохгүй олон чухал шийдвэр хүлээгдэж байна.

Энэ долоо хоногийн баасан гаригт 2015 оны төсвийн тухай хуулийг батлах ёстой.

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 15-н гэхэд ирэх жилийн төсвөө баталсан байх ёстой байдаг. Тэгвэл өнөөдөр томилогдоогүй байгаа Ерөнхий сайдын асуудлаас илүү төсөв, Мөнгөний бодлого чухал сэдэв билээ. 

Тодотгол хийхээс хойш гээд энэ төсвийг одоогийн төслөөр нь буюу өндөр хүлээлттэй төсөв баталчих вий гэсэн айдас эдийн засагчид дунд байна.  Өндөр хүлээлттэй төсөв батлах нь Мөнгөний бодлоготойгоо нийцэхгүйгээс гадна ханшийн савлагаа (ам.долларын эрэлтийг нэмэгдүүлэх)  үүсгэх магадлалыг ихэсгэдэг. 

Өндөр хүлээлттэй төсөв батлах нь Мөнгөний бодлоготойгоо нийцэхгүйгээс гадна ханшийн савлагаа (ам.долларын эрэлтийг нэмэгдүүлэх)  үүсгэх магадлалыг ихэсгэдэг. 

2014 оны улсын төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэл 6.1 их наяд төгрөг байгаа бол батлагдсан төсөв 6.9 их наяд төгрөг байгаа юм. 

Тэгтэл 2015 оны төсвийн орлогыг 7.1 их наяд төгрөг байна гэж төсөөлөөд байна. 

2014 оны хувьд төсвийн орлого 800 орчим тэрбум төгрөгөөр тасрах болоод байхад 2015 оны төсвийг улстөрчид яагаад ингэж өөдрөг төсөөлж буйг таахад бэрх. 

Монгол Улсын төсөв:

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар төсвийн орлогыг бодит хүлээлтээс өндрөөр төсөөлж төрөөс зарлагдах тендер, төсвийн хөрөнгө оруулалттай ажлуудыг улстөрчид "шагладаг" гэх. 

Харин асуудлыг бодитоор харж  төсөв, мөнгөний бодлогоо уялдуулж явах шаардлагатай байгаад зарим гишүүн ажил хэрэгч хандаж Төсвийн байнгын хороонд дараах НАЙМАН саналыг хүргүүлээд байна. 

  1. 2015 оны улсын нэгдсэн төсвийг алдагдалгүй байхаар батлах. Үүний тулд төсвийн нийт зардлыг хамгийн багадаа нэг их наяд төгрөгөөр бууруулах шаардлагатай
     
  2. 2017 онд төлөх Засгийн газрын 500 сая ам.доллар, Засгийн газрын баталгаа бүхий Хөгжлийн банкны 580 сая ам.долларын гадаад өрийг төлөх санхүүгийн эх үүсвэрийг 2015-2016 оны төсвөөс бүрдүүлэх. Жишээ нь, 30 хувийг нь 2015 оны улсын төсвийн хуримтлалаас, 40 хувийг нь 2016 оны улсын төсвөөс тус тус бүрдүүлж, үлдэх 30 хувийг зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх гэх мэт.
     
  3. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хувийн хэвшилд шилжүүлэх, улсын төсвийн хэмнэлтийг бий болгох, хувийн хэвшлийн идэвхжилийг дэмжих зорилгоор төсвийн хөрөнгө оруулалтад хүүгийн дэмжлэг үзүүлэх механизмыг болгох. Үүний тулд зөвхөн хүүгийн дэмжлэгт шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг улсын төсөвт  төсөвлөдөг байх.
     
  4. 2015 оны төсвийн төслийн орлогын өсөлтийн төсөөллийг 2014 оны хүлээгдэж буй өсөлт (4%)-өөс нэмэгдүүлэхгүй байлгах.
     
  5. Төсвөөс гадуур санхүүжүүлж ирсэн Хөгжлийн банк, Чингис бонд, Самурай бонд болон концессийн гэрээгээр гүйцэтгэж буй хөрөнгө оруулалтын төслүүдийн зарцуулалтыг 2015 оноос эхлэн улсын нэгдсэн төсөвт оруулж тооцох. 
     
  6. Хөгжлийн банк, Чингис болон Самурай бондуудын хүүний төлбөрөөс гадна  үндсэн өрийн эргэн төлөлттэй холбоотой зардлыг төсвийн зардалд оруулан, төсвийн нийт тэнцлийг тооцдог болох. 
     
  7. Импортын татварын хөнгөлөлтүүдийг түр хугацаагаар зогсоох, гадаад валютын эрэлтийг бий болгох нөлөө бүхий төсвийн зардал (450 тэрбум төгрөг)-ыг бууруулах. 
     
  8. Улсын төсвөөр худалдан авах бараа, үйлчилгээг зөвхөн дотоодоос авдаг болох. Энэхүү зохицуулалтыг зөвхөн нэг жил хэрэгжүүлээд зогсоох бус, жил бүрийн төсөв батлахдаа тууштай мөрдлөг болгох талаар Эдийн засгийн байнгын хорооноос гарсан ажлын хэсэг санал болгожээ. 

Хэрвээ улстөрчид Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд ажил хэрэгч хандаж чадахгүйгээр үл барам яг одоогийн энэ чигээр нь баталчихвал  дараах эрсдлүүд гарах талаар ажлын хэсгийн гишүүд онцолж байна. 

  1. Монгол Улсын төлбөрийн тэнцэл алдагдалтай, гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргээгүй хэвээр байгаагаас 2014-2015 онд эдийн засгийн өсөлтийг хангах мөнгөний нийлүүлэлт, санхүүгийн эх үүсвэр дутагдах эрсдэл нэмэгдсээр байна. Энэ нь төсвийн орлого тасрах, хувийн хэвшлийн үйл ажиллагаа хумигдах, санхүүгийн болон бодит секторт төлбөр түргэн гүйцэтгэх чадвар сулрах байдлаар илэрнэ.
     
  2. Эдийн засгийн бодит өсөлт 2015 онд 6 хувьтай гарах төсөөлөлтэй болов. Ийм орчинд эдийн засгийн тэнцвэр, тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн болзошгүй хямралын эрсдлээс сэргийлэхийн тулд мөнгөний бодлогын төлөвийг чангаруулах чиглэлд өөрчилж, мөнгөний илүү хатуу бодлого хэрэгжүүлэх ч шаардлага үүсэхээр байна. Үүний сөрөг нөлөөлөл нь хувийн хэвшил, бизнесийн идэвхжилийг эрс сааруулж, эдийн засгийн бодит өсөлтийг сулруулан, ажлын байр буурна. 

Шинэ Ерөнхий сайдын эхний томилолт Хонг Конг бол эхний ажил алдагдалгүй төсөв батлуулах 

Юуны түрүүнд шинээр томилогдох Ерөнхий сайд 2015 оны төсвийг дээр дурдсан зөвлөмжийг даган бодит хөрсөн дээр буусан төсөв батлуулах нь чухал байгаа юм. Түүний эхний даалгавар алдагдалгүй, бодит буюу 2015 оны төсөв 2014 онтой нийцтэй байх, төлбөрийн тэнцлийн хямралын нөлөөллийг бууруулсан байх зайлшгүй шаардлага бий болоод байна. 

Эдийн засагчид УИХ-ыг цаг хугацаанд баригдалгүй 2015 оны төсвийн хуулийг чамбай боловсруулж, батлахгүй бол 2017 оны нэгдүгээр улирлаас эхэлж Монгол Улс өрийн дарамттай учрахыг  анхааруулсаар байгаа билээ. 

Харин гадаад томилолтын тухайд жил бүрийн арваннэгдүгээр сард Монголд хөрөнгө оруулах чуулган Хонг Конгод болдог уламжлалтай. Хөрөнгө оруулалтын чуулганд Ерөнхий сайд эсвэл ЗГ-аас санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн сайд илтгэл тавьж хөрөнгө оруулагчдад мэдээлэл хийдэг. 

Гадаадын хөрөнгө оруулалтыг эргэн сэргээнэ гэдэг толгойны өвчин болоод байгаа. 

Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт:

Шинэ Ерөнхий сайд өөрөө оролцоод улсаа сурталчлах нь ч илүү оновчтой байхыг үгүйсгэхгүй. Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг манайх шиг жижигхэн эдийн засагтай оронд ямар чухал вэ гэдгийг бид өнгөрсөн хоёр жилийн турш хүн бүр өөрийн хэвтэвчин дэх хэдээрээ төлж ойлгож буй. 

Харин шинээр томилогдох Ерөнхий сайд гадаадын хөрөнгө оруулагчдад бодит таамаглалтай, төлбөрийн тэнцлийн хямралын нөлөөллийг бууруулсан, алдагдалгүйгээр батлагдсан ТӨСӨВ-тэйгээ очоосой. 

Энэ сарын 18 -19-ний хооронд болох Монголд хөрөнгө оруулах хуралд илтгэл тавих хүмүүст ЭЗХ-ийн дэд сайд асан О.Чулуунбат, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар нар илтгэл тавих талаар танилцуулга гараад байна. Харин хэн Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөх вэ?