Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Гантулга: Малчдын хүүхдэд зориулсан нүүдлийн гэр цэцэрлэг ажиллуулна

Э.Бэрцэцэг
2014 оны 10 сарын 1
Зууны мэдээ
Зураг зураг

Хичээлийн шинэ жил эхлээд нэг cap болж байна. Гэсэн ч цэцэрлэгт хүүхдээ оруулж чадаагүй эцэг, эхчүүд шинэ цэцэрлэг барих, эсвэл цэцэрлэгүүдэд бүлэг нэмж ажиллуулах тухай асууж сурагласаар байна.

Энэ талаар БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсрол, бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулгаас тодрууллаа.

-Цэцэрлэгийн тоо энэ хичээлийн жилд нэмэгдсэн үү. Цэцэрлэгт хүүхдээ оруулж чадаагүй эцэг, эхчүүд энэ талаарх мэдээллийг сонирхож байна. Мөн салбарын яамнаас малчдын хүүхдэд зориулаад гэр цэцэрлэг ажиллуулах гэж байгаа гэсэн. Энэ талаар товчхон мэдээлэл өгөөч?

-Цэцэрлэгийн орны тоо өнгөрсөн оныхоос 8000 орчмоор нэмэгдсэн. 2013 онд цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 77.7 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байсан бол энэ хичээлийн жилд энэ үзүүлэлт 79.1 хувь болж нэмэгдсэн.

Улаанбаатар хотын цэцэрлэгүүдийн тарах цагийг сунгах хүсэлт эцэг, эхчүүдээс удаа дараа ирсээр байна. Энэ тал дээр хуулийн хүрээнд ямар шийдвэр гаргах боломж байгаа талаар мэргэжлийн хүмүүс ажиллаж байна.

Цэцэрлэгт хамрагдсан хүүхдийн тоо төдийлэн ахиагүй мэт харагдаж байгаа ч энэ нь төрөлт нэмэгдсэнтэй холбоотой юм. Ирэх жил бид сургуульд орох таван настай 25.8 мянган-хүүхдийг хувилбарт сургалт буюу албан бус сургалт, хичээлийн бус цагаар сургалт явуулах, эсвэл цэцэрлэгт бүлэг нэмэх зэргээр сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхээр төлөвлөсөн. Малчдын хүүхдэд зориулсан нүүдлийн гэр цэцэрлэгүүд үйл ажиллагаа явуулна.

-Нэг ангид дунджаар хэдэн хүүхэд байх ёстой вэ. Улсын цэцэрлэгүүдэд 40 хүүхэдтэй хичээллэж байгаа анги цөөнгүй байна?

-Нэг анги дунджаар 30-35 хүүхэдтэй байна гэсэн гурван яамны баталсан журам бий. Цэцэрлэгийн эрэлт, хэрэгцээ их болсон тул Нийслэлийн боловсролын газраас энэ тоог шинэчилж, 40 хүүхэд авч болох журам гаргасан.

-Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг нэмэх тухай ярьж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Цэцэрлэгийн хүүхдүүд өдөрт хоол хүнснээс авах илчлэгээ авч чадахгүй байна гэсэн шүүмжлэл их гарч байгаа. Улсын цэцэрлэг төлбөргүй учир эцэг, эхчүүдэд хүүхдээ төлбөргүй цэцэрлэгт явуулах сонирхол их байна.

Нөгөө талаас хүүхдийн хоолны мөнгийг нэмж нэг өдрийн хоолны зардлыг 3000 төгрөг болгож зөрүү 1400 төгрөгийг эцэг, эхээс гаргуулъя гэсэн цэцэрлэгүүд болон эцэг, эхчүүдийн саналыг бид харгалзан үзэж, бодлого шийдвэртээ тусгах талаар арга хэмжээ авч байна. Энэ талаар яамнаас Засгийн газарт танилцуулахаар бэлтгэж байна.

-Мөн улсын цэцэрлэгийн тарах цагийг сунгах тухай хүсэлт эцэг, эхчүүдээс ирсэн гэж байсан. Ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа вэ?

-Улаанбаатар хотын цэцэрлэгүүдийн тарах цагийг сунгах хүсэлт эцэг, эхчүүдээс удаа дараа ирсээр байна. Энэ тал дээр хуулийн хүрээнд ямар шийдвэр гаргах боломж байгаа талаар мэргэжлийн хүмүүс ажиллаж байна.

Зураг