Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын ойчид нэгэн түүхийг бүтээж байна

Т.Батсайхан, Зууны мэдээ
2014 оны 9 сарын 13
Зууны мэдээ
Зураг зураг

Намрын салхи сэвэлзэн, айсуй цагийг сануулах энэ л цаг үетэй зэрэгцэн Хөвсгөл нутгийг зорьсон юм.

Тэнгэрийн цагаан хөлгөөр дүүлсээр Мөрөн хотод буув. Хотгойдын шадар ван Чингүнжавын нутаг манан будангаа дэвсэн, хур бороогоор мялаан биднийг угтав. Далайтай ойрхон, уулархаг учраас хүйтэн байдаг гэсэн олны яриа үнэн агаад  Хөвсгөлд энэ л цаг үед тийм ч дулаан биш юм.

“Уулархаг нутгаараа цас хүртэл хаясан” хэмээн хүмүүс ярилцана. Бид онгоцноос буугаад л шууд Тосонцэнгэл сумыг зорив. Мөрөн хотоос 100 гаруй км яваад хүрнэ гэнэ.

Баяр наадмын бараа холдож хөдөө нутагт өвөлд бэлдэх их ажил эхэлжээ. Замын хажуугаар өвсөн бухал, өвөлжөө намаржаа, байшин барьсан харагдана. Хөвсгөл мод ихтэй учраас малчид нь ч монгол гэрт биш голдуу байшинд амьдардаг юм байна. Тосонцэнгэл сум ортол монгол гэр нэг ч харагдсангүй.

Замаар сүлжилдэн давхих тарвага, зурам, мотоциклиор биш мориор малаа хураах малчин түмэн, хангай нутгийн алдарт сарлаг үхрийн сүрэг тэгээд эргэн тойронд байх битүү модтой уулс гээд энэ л нутгийн сайхныг бишрэн, ширтэн явсаар зорьсон газраа хүрлээ.  Хөвсгөл үнэхээр сайхан нутаг юм. “Ямар их ой мод вэ. Энэ их ойн хажууд амьдардаг нь ямар их азтай улс вэ” гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө.

Мэргэжлийн төвшинд арчилж, цэвэрлэсэн ой дараа жилээс нь эхлэн чанартай үр өгч эхэлдэг юм байна. 

Хөвсгөл нутагт ирсэн зорилго  маань ч ой модтой холбоотой. Олон зорилтот ойн тооллогын ажил Монгол орон даяар өрнөж байна.  Энэ ажлын үйл явцыг хянах, ойг хамгаалах талаар хэрэгжүүлж буй ажилтай танилцах зорилготой Ойн судалгаа хөгжлийн төвийн ойн нөөц судалгааны албаны Х.Мичид даргын багт багтсан минь энэ юм.

Хөвсгөлд Монгол орны ойн сангийн гуравны нэг нь бий. Аргагүй л ойгоор баян нутаг гэдэг нь тодорхой. Бидний очсон эхний газар Дэлгэрмөрөн сум дундын ойн анги байв.

Энэ ангийнхан Өлзийт хэмээх газарт шинэсийн үр түүх цэг байгуулан ажлаа эхлүүлжээ. Ерөнхийдөө ой модны санг баяжуулах эрүүл, сайхан ойтой байх хамгийн чухал зүйл нь үр. Тиймээс эрүүл чанартай үр гаргах нь чухал гэдгийг ойчид ярьж байв. Байнгын үр түүх цэг байгуулахын тулд эхний ээлжинд цэвэрлэгээ хийнэ. Сонгож авсан ойг хашиж, унанги, согогтой, нэг ургамлын гэрэл булаацалдаж буй моддыг авч, нэгэн төглийг бий болгодог байна.

Мэргэжлийн төвшинд арчилж, цэвэрлэсэн ой дараа жилээс нь эхлэн чанартай үр өгч эхэлдэг юм байна. 

Германы хамгийн сүүлийн үеийн багажаар ой модоо тоолж байна.

Энэхүү ажлыг Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн дарга Ш.Оч гардан удирдаж байгаа юм. Тэрээр “Шинэсний үр гэдэг нь энгийнээр хэлэхэд боргоцой юм.  Гэхдээ үр гээд газарт унасан хатсан, норсон болгоныг түүдэггүй. Энэ бол нарийн технологийн дагуу явагддаг чухал ажил. Ер нь 2010 оноос хойш Монгол улсын хэмжээнд хангалттай үр авч чадаагүй. Амархан хөлддөг, гэмтдэг болохоор байгаль цаг уурын өөрчлөлтөд их өртөж байна” хэмээв.  Тэд тухайн сонгож авсан газраасаа үр авахын тулд шаардлагатай гэсэн олон зүйлийг хийжээ.

Сонгож авсан талбайгаа тойруулан далан байгуулсан байна.  Энэ нь гал түймрээс сэргийлэх, цочрол хүйтний үед утаа тавьж боргоцойгоо хамгаалах зэрэг ач холбогдолтой гэнэ. Тэдний энэ ажил амжилттай болвол ирэх жилээс Монгол орны ойн санг нэмэгдүүлэх үрийг тэндээс түүж болох юм байна.

Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн үр түүх цэгт хэсэг саатаад бид дараагийн газар руу хөдөллөө.

Ой модоор хучигдсан, хад чулуун дэвсэгтэй энэ л газар орос машинаас өөр хөлөг явна гэж үгүй. “200-гаад км яваад дараагийн газраа очно” хэмээн жолоочийг хэлэхэд 2-3 цаг яваад хүрнэ хэмээн хотын бид бодно. Гэтэл энэ хэмжээний замыг зургаан цаг туулдаг байгаа. Фургон машины хүч чадлыг сорьж, ой модоо сүлжин давхисаар бид Эрдэнэбулган суманд ирлээ.  Эндээс холгүйхэн ойн тооллогын нэгэн баг ажиллаж байгаа ажээ. Монголчууд түүхэндээ анх удаа Герман технологиор ойгоо тоолж байна.  “Ойн тооллогоор явлаа” гэхэд найз нөхөд маань “Тэгээд яаж тоолдог юм бол. Нэг нэгээр нь тоолох уу” хэмээн сонирхон асууж байсансан.

Ойгоо тоолж, био массыг нь тодорхойлсноор Монголчууд дэлхийд данстай болж өндөр хөгжилтэй орнуудаас тодорхой хэмжээний төлбөр авах юм байна гэсэн ойлголт л надад байлаа. Түүнээс яг ямар үйл явцаар тоолох нь Эрдэнэбулган суманд очих хүртэл оньсого хэвээр л байсан.

Ахмад хайгуулчин Д.Дэжидгїнчингээр ахлуулсан энэ баг 300 цэг дээр ажиллах юм.

Бид явсаар сумаасаа 20 гаруй км зайд Эгийн голын эрэг дээр ирлээ.  Тэндээсээ нарийн жим гарган, багагүй саад бэрхшээлтэй замыг туулан, модон дундуур 5-6 км алхсаар ойн тооллогын нэгэн цэг дээр ирлээ. Ойн тооллогын 4200 цэгт есөн аж ахуй нэгж ажиллаж байгаа.  Бид 1204 дүгээр цэг дээр ирсэн нь энэ юм.

Энд “ОХСТ” компани тооллогын ажлаа гүйцэтгэж байна. Ахмад хайгуулчин Д.Дэжидгүнчингээр ахлуулсан энэ баг 300 цэг дээр ажиллаж буй юм.

Одоогоор ажлын явц нь 70-80 хувьтай байгаа гэнэ. Ахалж байгаа хүн нь монголын ойн модны салбарт насаараа ажилласан учраас аливаа саад бэрхшээлд шантрахгүй, төөрч сандралгүй ажлаа сайн гүйцэтгэж байгаа гэж байна. Ямар ч хэцүү хатуу замтай байсан ч GPS дээр өгөгдсөн цэг дээр очихоос өөр аргагүй юм.

Тэнд очоод төв цэгээ олж, гурван талбай дээр судалгаа хийж байна. Зургаа, 12, 20 метр дотор тооллогын ажил хийнэ. Зургаан диаметр дотор байх бүх унанги модыг тоолох ажээ. Мөн  90, 270 метрийн градус дээр сэргэн ургалтын тооллого хийж, зургаан см-ээс дээш бүдүүн моддыг тоолно. Дараа нь 12 метр доторх 15-29 см бүдүүнтэй моддоо тоолно. Харин 20 метрийн диаметрт 30 см-ээс дээш бүдүүнтэй моддыг тоолох аж. Диаметрын шаардлага хангахгүй моддыг тоолохгүй үлдээнэ.

Энэ ажлын үр дүнд моддын ургалтын байдал, био масс, ойн нөөц нөхөн сэргээлтийн хэмжээ зэргийг тодорхойлж болох юм байна. Нэг цэг дээр нь хэмжилт судалгааны ажил ойролцоогоор 1-4 цаг үргэлжлэх ажээ. Гэхдээ үр дүн нь тэр дороо гарахгүй бүх газартай нэгтгэгдэж байж гарна гэдгийг багийнхан хэлж байв.

1204 цэгт хүрэх зам бидний хувьд ихэд саад бэрхшээлтэй санагдана. Өөрөөсөө өндөр өвсөн дундуур, намаг, шалбааг туучин алхаж, нарийн модоор гүүр хийн гол гатлах тун амаргүй санагдана. Харин Д.Дэжидгүнчин гуайн багийнхан “Харин ч та нарийг ирэхэд хамгийн хялбар цэг дээр авчирлаа. Зарим газар үнэхээр хэцүү шүү” хэмээнэ. Ойн инженер Р.Дэлгэрцэцэг, н.Хувьсгалт, Б.Төгсбаяр нар энэхүү багийн бүрэлдэхүүнд багтаж байна.

Залуус Монголд анх удаа болж буй олон зорилтот ойн тооллогод гар бие оролцож байгаадаа баяртай байгаа бололтой. “Түүхэнд бичигдэх үйл явдал шүү дээ” хэмээн бахархан ярина. Багийн ахлагч Д.Дэжидгүнчин гуай ч ойд баавгайтай хүртэл тулж явсан ажлын арвин туршлагатай нэгэн юм байна.  Тэд 1204 гэсэн цэгт тооллогын ажлаа амжилттай гүйцэтгээд дараагийн цэг рүү явлаа.

Харин бид Эгийн голын эрэг дээр ирж, буудаллав. Жижиг бургас дундуур, өдөртөө нар тэвэрч, шөнөдөө сар өвөртлөн урсах энэ өргөн гол Монголдоо төдийгүй дэлхийд алдартай. Улаан номонд орсон тул загас энэ голд сүрэг сүргээрээ амьдарна.

Хясаан дээрээс харахад тул загас яваа нь харагддаг тийм л гайхамшигтай цэнгэг ажээ. Үүнийг харсан хүн гайхан бишрэхээс аргагүй билээ. Эгийн гол нь Хөвсгөл далайгаас эх авч, Үүрийн голтой нийлэн Сэлэнгэ мөрөнд цутгадаг ажээ. Уултай, ууландаа битүү ойтой, ус голтой, тэр нь загас жараахайгаар дүүрэн Хөвсгөл нутаг нь нэгэн өдрийг ийнхүү үйл явдлаар дүүрэн өнгөрүүлэв. 

Ойн тооллогод гарахын ємнє GPS болон газрын зураг дахь цэгээ тогтоож байгаа нь.

Үргэлжлэл бий.

Зураг