Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

38 цэцэрлэгийг өргөтгөвөл 4500 хүүхдийг хүлээн авах боломжтой болно

ikon.mn
2014 оны 8 сарын 28
iKon.MN

2014-2015 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 178 цэцэрлэг, хувийн хэвшлийн 250 цэцэрлэгт нийт 59700 хүүхэд авахаар бэлтгэл хангагджээ.

Өнөө жил 30 мянга орчим хүүхэд цэцэрлэгт бүртгүүлж чадаагүй үлдсэн ч цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдийн тоо өмнөх жилийнхээс өссөн үзүүлэлттэй байгаа.  


БШУЯ-аас  хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх бодлогыг  барьж  өнгөрсөн долдугаар сарын 1-нээс өмнө 28 цэцэрлэгт тусгай зөвшөөрөл олгосон бол одоо 45-д зөвшөөрөл олгохоор шинжээчдийн баг ажиллаж байна.  

2013-2016 оны хооронд 70 цэцэрлэг шинээр барихаар төлөвлөгдсөн. Одоогийн байдлаар

  • гурван цэцэрлэг ашиглалтад орсон
     
  • 27 цэцэрлэгийн барилгын ажил угсралтын шатанд
     
  • 32 цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчийг шалгаруулах тендэр зарлагдсан
     
  • нэг цэцэрлэг нь газар чөлөөлөх судалгааны шатандаа явж байна.

Сургуулийн өмнөх насны бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахын тулд нийслэлийн хэмжээнд шинээр 150 хүүхдийн багтаамжтай 374 цэцэрлэг барих шаардлагатай гэсэн судалгаа гарсан.

Гэвч энэ хэмжээний цэцэрлэгийг барихад хугацаа шаардах тул Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг баталж, эрх зүйн орчинг тодорхой болгох, мөн зарим цэцэрлэгийг өргөтгөж, барих боломжтой гэж үзэж байгаа.  Дээрх судалгаагаар нийт 38 цэцэрлэгийг өргөтгөж барихад 4500 хүүхдийг хүлээн авах боломжтой болох юм.