Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Тусгай хэрэгцээт сургуулийн сурагчдад зориулж 3000 ширхэг сурах бичиг хэвлэсэн"

Б.Өнөртогтох
2014 оны 8 сарын 27
Монголын мэдээ
Зураг зураг

Хичээлийн шинэ жил хэдхэн хоногийн  хугацаа үлдлээ. Энэ хичээлийн жилд I-V ангийн сурах бичгүүд бүрэн шинэчлэгдэж  байгаа юм.  Энэ талаар БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсрол, Бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулгаас тодрууллаа. 

-Хичээлийн шинэ жил хэдхэн хоногийн дараа эхлэх гэж байна. Бэлтгэл ажил хэдэн хувьтай байна вэ?

-Шинэчлэлийн хөтөлбөр 2014-2015 онд улсын хэмжээнд эхлэх гэж байна.  Үүний бэлтгэл ажил бүрэн хангагдсан.  Өнгөрсөн хугацаанд нэлээд ажил зохион байгуулсан. Мөн өнгөрсөн хичээлийн жилд 40 сургууль дээр бага боловсролын шинэчлэлийн хөтөлбөр амжилттай хэрэгжлээ.

Сурах бичгийн  туршилтыг сайн явуулсан. Ялангуяа улирал улирлаар сурах бичгүүдийг туршиж үзсэн нь амжилттай болсон. I-V ангийн сурах бичгүүд 100 хувь нь шинэчлэгдсэн. Энэ хичээлийн шинэ жилд сурах бичиг үндэсний хэмжээнд бүх хүүхдийн гарт очно. 

-Өнгөрсөн онд түшиц сур­гуулиудад туршилт явуул­сан нь амжилттай болсон гэж байсан. Энэ жил  үр­гэлж­лүүлэх үү?

-Сурах бичгүүдийг сур­гуу­лиудад хүргүүлэх ажил дуусах шатандаа явж байна. Нийтдээ нэг сая 620 мянган сурах бичиг хэвлэгдсэн. I-V ангийн сурах бичгээс гадна багшийн сурах бичиг гэж гарч байгаа. Багшийн ном 7240 ширхэг хэвлэгдэх юм. Энэхүү ажил хүүхэд бүрт чиглэж, нэг ч хүүхдийг хоцроохгүй сургах чиглэлтэй хийгдэж байгаа юм. Хичээлийн явагдах хэлбэр  нь өөр байх ёстой. Дандаа ширээний ард биш, хичээлийг сонирхолтой олон хэлбэрээр явуулах хэрэгтэй. Тухайлбал, Уран зохиол, Хүн ба нийгэм зэрэг хичээлийг түүх дурсгалын газар болон үзмэр дээр эсвэл бусад хичээлтэй уялдуулж болно.

I-V  ангийн сурах бичгийг 100 хувь сургуулийн номын сангуудаар дамжуулан сурагчдын гарт хүргэнэ.

Мөн багш хүүхэдтэйгээ хамтарч сургалтыг явуулна. Зөвхөн багш хүүхдэд мэдлэг олгохоор 40 минутыг зарцуулахгүй. 10 минутад хүүхдэд ойлгомжтой мэдээлэл өгч үлдсэн 20-30 минутад хүүхдүүдтэй хамтарч ярилцах, багаар ажиллах арга хэлбэрт орох хэрэгтэй. Энэ цаг үеийн хүүхдүүдийн бодол санаа шал өөр. Хүүхдүүд тоглох дуртай байдаг. Иймээс сурах орчин болон багшийн чиг хандлагыг өөрчлөх хэрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэхээр бид Авьяас болон Ном хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.

Энэхүү хөтөл­бөрт нэлээд хүүхэд хамрагдаж, хүүхдүүд хичээлдээ суух сонирхол сайжирсан. 2015-2016 оны хичээлийн жилд орон даяар шинэчлэл явагдах гэж байна. Тиймээс энэ онд ч мөн адил туршилтаа үргэлжлүүлнэ.

-Тэгэхээр сурах бичиг дахин хэвлэгдэх үү?

-Тэгэлгүй яах вэ. Үүнтэй холбоотойгоор ирэх хичээлийн жилд бүх сурах бичиг шинээр хэвлэгдэх юм. Ер нь өмнө  нь сонгосон сурах бичгийн дагуу л сургалт явагдаж ирсэн. Одоо бол өөр. Багшийн чиг хандлагыг өөрчлөх асуудал яригдаж байна. Шинэ хөтөлбөрийг нэвтрүүлэхийн тулд бэлтгэл ажил  сайн хийгдэж байна.

-Сурах бичгийн хүрэлцээ болон үнийн хувьд ямар байна вэ?

-Хүрэлцээ бол хангалттай гэж дээр дурьдсан. I-V  ангийн сурах бичгийг 100 хувь сургуулийн номын сангуудаар дамжуулан сурагчдын гарт хүргэнэ.

Харин 7, 12 дугаар ангийнханд зориулж 60 нэр төрлийн сурах бичиг хэвлэсэн. Үүний 40 хувь нь сургуулийн номын сангаар дамжих юм. Харин үнийн хувьд хэвлэлтийн зардал, цаас зэргээс шалтгаалан 1700-3800 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж бай­на.

Хэвлэлийн компаниуд ир­гэдэд зориулсан зурагт хуудас гаргасан байгаа. Үүнд худалдаалагдах цэг, үнэ, нэр төрлийг тодорхой заасан тул эцэг, эхчүүдэд харьцангуй хүндрэл багатай байгаа болов уу. Хэвлэх компаниудын зурагт хуудсыг олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нийтэлсэн.

Дашрамд дурьдахад, дунд, ахлах ангийн сурагчид түрээсээр сурах бичгээ ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл, нэг хүүхэд бүх сурах бичгээ ашиглахад 16 мянган төгрөг шаардлагатай гэсэн.

Дунд, ахлах ангийн сурагчид 16 мянган төгрөгөө сургуулийнхаа номын санд тушаагаад сурах бичгээ ашиглах боломжтой.

16 мянган төгрөгөө сургуулийнхаа номын санд тушаагаад сурах бичгээ ашиглах юм. 

-Тусгай хэрэгцээт сургуу­лийн сурагчдын сурах бичгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Мэдээж яамны зүгээс тусгай хэрэгцээт сургуулийн сурагчдад зориулсан сурах бичгийг хэвлэхэд анхаарч ажиллаж байна. Тиймээс ч энэ хичээлийн жилд тусгай хэрэгцээт сургуулийн сурагчдад зориулж, Монгол хэл, Математикийн сурах бичгийг тус бүр 1500 ширхгийг хэвлэсэн. Өөрөөр хэлбэл, тэдэнд зориулж 3000 ширхэг сурах бичиг хэвлээд байна. Ер нь сурах бичгийн хэвлэлтэд ойролцоогоор дөрвөн тэрбум төгрөг зарцуулсан.

Зураг