Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Хишигсүрэн: Хүүхдүүд нэг өдөр дөрвөн өөр хичээл, дөрвөн өөр сэдэв үзээд л гардаг байлаа

ikon.mn
2014 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн 71 дүгээр дунд сургуулийн бага ангийн сургалтын менежер Ш.Хишигсүрэнтэй бага боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн талаар ярилцлаа.

-Бага боловсролын сургалтын хөтөлбөр цогцоороо шинэчлэгдлээ. Та бүхэнд БШУЯ-аас шинэчилсэн хөтөлбөрийг бүрэн танилцууллаа. Өмнөхөөсөө юугаараа ялгаатай хөтөлбөр болсон байна вэ?
-Хөтөлбөртэйгөө танилцлаа. Үнэхээр шинэчлэл хийгджээ. Өмнө нь хичээлийн тоо их, хүнд байсан. Одоо бол хичээлүүдээ илүү уялдуулж, төрөл төрлийн хичээл байсан ч хоорондоо маш уялдаатай байдлаар ордог болж байна. Хуучин бол хүүхдүүд нэг өдөр дөрвөн өөр хичээл, дөрвөн өөр сэдэв үзээд л гардаг байлаа шүү дээ.

Одоо бол дөрвөн өөр хичээл орсон ч дөрвөн ижил сэдвийн доор явж байхаар болсон. Ингэх боломжтой юм гэдгийг энэ хөтөлбөр батлагдсаны дараа л мэдлээ. Мөн багшийн заах аргын талаар зөвлөмж бүхий Багшийн ном бидэнд ирж байна. Энэ бол өмнө нь хийгдэж байгаагүй шинэлэг ажил. Бидэнд энэ мэт зөвлөмж, шинэ санаа гаргасан ч түүнийгээ хэрэгжүүлэх боломж маш хомс байлаа шүү дээ. Одоо бүх юм нээлттэй болж, багш ч тэр хүүхэд ч тэр хичээлээ өөрт сонирхолтойгоор явуулах боломж бүрдсэнд баяртай байна.

Багш бол хүүхдийн туслагч болсон.

Өнгөрсөн жил 40 сургуульд энэ хөтөлбөрөө туршаад энэ жилээс орон даяар хэрэгжүүлэх юм байна. Танай сургууль үүнд хэр бэлтгэлтэй байгаа вэ?
Туршилт хийсэн 40 сургууль дүүрэг дүүрэгтээ хуваагдаж, сургуулиудад очиж багш, хүүхдийн дунд гарч буй үр дүнгүүдийн талаар сургалт зохион байгуулдаг байсан. Мөн Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс заах арга зүйн сургалт олныг зохион явуулсан. Энэ удаад бас сургууль бүрийн захирал, сургалтын менежер, бага ангийн багш нарт сургалт явуулж байна. Бүр хичээл бүрээр нь салгаж тусд нь хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалт явуулж байна. Тиймээс одоо бид бүгдийг нь сайн ойлгосон. Хурдхан хэрэгжүүлж эхлэхийг л яарч байна даа/инээв/.

-Эцэг эхчүүд маань их сонирхож байгаа байх. Яг хүүхдийнх нь хичээлд ямар өөрчлөлт орж байгаа вэ?
-Өмнө нь хүүхдэд тулган шаардах зарчмаар хичээл ордог байсан. Одоо бол хүүхдийн өөрийн хүсэл сонирхол дээр тулгуурлаж, танин мэдэх хүслээр нь дамжуулж өөрөөр нь мэдлэг бүтээлгэж байна. Багш бол дарга гэдэг ойлголт үгүй болж байна. Багш бол хүүхдийн туслагч болсон. Тэгэхээр хүүхдүүд өөртөө итгэлтэй болно. Үзэж буй хичээлийнхээ дагуу ямар нэг юм бүтээж эсвэл асуух юм гарвал багшаас айж, санаа зовохоо болино. Энэ л бидний хүсч буй үр дүн шүү дээ. Өөртөө итгэлтэй хүүхэд юуг ч сурч, юуг ч хийж чадна. Хөгжинө.

-Та хэдэн жил багшилж байгаа вэ?
-Би боловсролын байгууллагад тасралтгүй 24 жил ажиллаж байна. 

-Боловсролын салбарт урд өмнө нь хийгдэж байсан шинэчлэлүүдийг та мэдэх юм байна. Энэ удаагийн шинэчлэлд тэгэхээр бусдаасаа давуу зүйл байна уу?

-Энэ шинэчлэл цэвэр хүүхэд төвтэй байна. Багш бол чиглүүлэгч, туслагч. Бас багш нараа энэ шинэчлэлд эртнээс бэлдсэн нь их онцлог. Өнгөрсөн жилээс эхлээд маш олон сургалтууд зохион байгуулсан. Энэ сургалтын үр дүнд багш нар заах арга зүй, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхийн тулд хэрхэн ажиллах, хүүхэдтэй хэрхэн харьцаж, тэднийг сургах вэ гэх зэрэг бүхий л талын мэдээллийг авсан. Зарим нь хичээлдээ туршаад, үр дүнг нь ч үзсэн багш нар байна. Тэгэхээр энэ шинэчлэлийн ачаар хүүхэд бүрт ахиц гарч, сайн үр дүн их гарна аа гэдэгт итгэлтэй байна.