Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Гурван ихэр охины ээжид хандив цуглуулж эхэллээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг
ХААН банкны 5890538605 дугаарын данс

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Ө.Ундармаа нийслэл хотноо амаржиж гурван ихэр охин төрүүлсэн баярт мэдээ чих дэлсээд 14 хонож байна.

Эхийн хувьд хүндрэлтэй, хагалгаагаар төрсөн хэдий ч биеийн байдал харьцангуй сайжирчээ. Харин гурван ихэр охины бие тун сайн байгаа бөгөөд 2.2, 2.6, 2.8 кг жинтэй төрсөн байна.

Ихрүүдийг өнөөдрийн байдлаар Нялхасын клиник сувилалд асран хамгаалж байгаа аж.

Учир нь Ө.Ундармаа нутаг буцах зардалгүй байгаа төдийгүй сумандаа очоод амьдрахад нөхцөл байдал тун хүндхэн байгаа гэнэ.

Учир нь тэрбээр гурван ихрээс гадна гурван хүүхэдтэй буюу нийт зургаан хүүхэдтэй болсон байна.

Гурван ихрийн ээж Ө.Ундармаад туслахыг хүсвэл ХААН банкны 5890538605 дугаарын дансанд хандив өргөж болох аж.  

Гэсэн хэдий ч хандив тусламж гуйх хүсэлтийг өөрөө гаргаагүй гэдгийг Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн эх баригч эмч М.Энхдалай мэдээллийн үеэр онцолсон.

Тэрбээр хэлэхдээ “Ө.Ундармаа маань амьдралын бололцоо тун тааруу бөгөөд сонсголын бэрхшээлтэй юм. Хэдий нөхөр нь байгаа хэдий ч гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй гэсэн үүднээс хариуцлага үүрэх тал дээр хойрго хандаж байна. Гэхдээ хэзээ нэг өдөр хариуцлагаа ухамсарлах байх гэж найдаж байгаа. Ө.Ундармаа маань өнөөдөр зургаан хүүхэдтэй болчихлоо.

Нутагтаа тэтгэвэрт гарсан ээжийнхээ хамт амьдардаг. Иймд сайхан сэтгэлт Монголын ард түмэн маань туслах байх” гэсэн юм.

Түүнд Хөсвгөл аймгийн ЗДТГ-аас 300 мянга, аймгийн “Эх хүүхдийн эрсдлийн сан”-гаас 500 мянган төгрөг өгсөн байна. Уг мөнгөөр хотод ирж, эсэн мэнд амаржжээ.

Иймд сайхан сэтгэлт хүмүүс Ө.Ундармаад туслахыг хүсвэл ХААН банкны 5890538605 дугаарын дансанд хандив өргөж болох аж.