Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын шинэ санал

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг

АНУ, ОХУ-ын ерөнхийлөгч нар Баасан гарагийн орой утсаар ярилцаж хоёр орны гадаад хэргийн тэргүүнүүдийг Украйны асуудлаар даруй хэлэлцээ хийлгэхээр болсон билээ.

Тэгвэл түүний маргааш нь Жон Керри, Сергей Лавров нар уулзахаар Парисын зүг жолоо залсан юм.

Өчигдөр дөрвөн цаг орчим маш "халуун" яриа өрнүүлсний дараа ОХУ-ын шинэ санал ил болжээ. ОХУ-ын дэвшүүлсэн саналаар бол Украйны орос хэлтэн иргэд давамгайлдаг зүүн ба өмнөд бүсүүдэд нэлээд өргөн эрхтэй автономит улсууд байгуулах гэнэ.

Лавров Украйны үндсэн хуулинд гүнзгий өөрчлөлт хийж Украйныг холбооны улсын хэлбэрт шилжүүлэх нь цорын ганц зөв зам гэжээ.

Автономит бүсүүд нь өөрийн эдийн засаг, татвар, соёл, боловсрол гээд асуудлуудаа бие даан шийдэх эрхтэй байх ёстой гэж үзсэн байна.

Оросын энэ санал Украйны засгийн газрынхны ширүүн эсэргүүцэлтэй тулгарах нь лав. Мөн Лавров цааш нь хэлэхдээ барууныхны болгоомжилж байгаа шиг Украйны зүүн хэсэгт цэрэг оруулах ямар ч бодолгүй байгаагаа дахин баталлаа.

Өөр нэг чухал асуудлыг энд сөхсөн нь Оросын нэг тасархай гэгддэг Трансднестрын бүс нутаг. Энэ бүс нь Украйны баруун өмнө хил, Молдовын зүүн хил завсар оршдог Орос хэлтэн иргэд суудаг газар.

Путины утсаар ярихдаа хэлсэнчлэн ОХУ Трансднестрын асуудлыг 5+2 томъёоллын дипломат яриа хэлэлцээрээр шийдэх сонирхолтой байна.

Энэ нь Молдов, Трансднестр, Украйн, ОХУ, Европын Аюулгүй байдал, Хамтын ажиллагааны Байгууллага гэсэн таван тал дээр нэмээд ажиглагчаар Европын Холбоо, АНУ оролцох хувилбар юм.

ОХУ-ын энэ саналд Барууныхан болон Украйн ямар хариулт өгөх нь одоогоор тодорхойгүй байна.