Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Гэр бүл, нийгмийн хамгааллын асуудлаар эмэгтэйчүүдийн төлөөлөл үнэтэй санал хэллээ

ikon.mn
2014 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан нийгмийн бүхий л салбарт ажил, хөдөлмөр эрхэлж байгаа монголын эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдийг төлөөлөн Төрийн ордонд хүрэлцэн ирсэн 15 төлөөлөгчийг УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Тэрбээр 2014 оныг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас Гэр бүлийн жил болгон зарласантай холбогдуулан гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдийн эрх, нийгмийн хамгааллын асуудлаархи хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч, олон арга хэмжээг санаачлан хэрэгжүүлж байгааг онцолсон.

Уулзалтад хүрэлцэн ирсэн ахмад настан, эмч, багш, малчин, хилчин, жүжигчин, бизнес эрхлэгч, хуульч, сэтгүүлч, сурагч, оюутан, бүсгүйчүүд өөр өөрийн эрхэлж буй ажил мэргэжлийн салбарт болон монголын нийт гэр бүл, эмэгтэйчүүдэд тулгарч байгаа асуудлаар хууль тогтоох дээд байгууллагын тэргүүнд санал бодлоо дуулгалаа. Тухайлбал,

  • Хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч өөрийн санаачлагаар протезын үйлдвэр нээн үйл ажиллагааг нь амжилттай явуулж байгаа бизнес эрхлэгч О.Оюунцэцэг хамгийн сүүлийн үеийн технологийг монголд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.
  • Хилчин эмэгтэй Л.Лхагвацэрэн “Хилчин эмэгтэйчүүдийн холбоо” ТББ байгуулан гэр бүл, хүүхдийн асуудлаар сургалт зохион байгуулж, гэр цэцэрлэг төслийг хэрэгжүүлсний дээр 2012-2016 онд онд хилчдийн гэр бүлийн хөгжлийг дэмжих хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж байгаа юм байна.
  • Шинжлэх ухаан, техникийн их сургуулийн Компьютерийнн техник, менежментийн сургуулийн оюутан А.Цэнгүүн өнөөдрийн сургалтын хөтөлбөрт онол хэт давамгайлж, практик дээр дадлагажуулах сургалт сул байгаад анхаарлаа хандуулахыг хүссэн юм.

УИХ-ын дарга гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдийн эрх, нийгмийн хамгааллын асуудлаархи хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар өнөөдөр хүрэлцэн ирсэн эмэгтэйчүүдийн төлөөлөл үнэтэй санал хэлж буйд талархал илэрхийлээд аз жаргал хүсэн ерөөлөө хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдэээлэв.