Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Америк болон Британи паралимпийн наадамд оролцохгүй. Харин УКРАЙН

Б.Ууган, iKon.mn
2014 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Украйны нутаг дэвсгэрээс Орос улс цэргээ гаргахгүй бол Сочи 2014 Паралимпийн олимпийг эсэргүүцэх болно хэмээн Украйны Үндэсний Паралимпийн хороо мэдэгджээ.

Өвлийн Паралимпийн наадам энэ сарын 7-ны өдрийн баасан гаригт нээлтээ хийх юм. Би Би Си агентлагийн мэдээлснээр Паралимпийн тамирчдаа оролцуулах эсэх талаар шийдвэрийг нээлтийн ажиллагаа эхлэхээс өмнө гаргана хэмээн Украйны шигшээ багийн хэвлэлийн төлөөлөгч Наталья Гарач мэдэгджээ. 

 Паралимпийн тамирчдаа оролцуулах эсэх талаар шийдвэрийг нээлтийн ажиллагаа эхлэхээс өмнө гаргана хэмээн Украйны шигшээ багийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

"Ойрын үед Орос улс түрэмгийллээ зогсоож, Украйнаас цэргээ гаргана гэж Украйны шигшээ баг найдаж байна. Хэрэв ийм шийдвэр гаргахгүй бол XII өвлийн  Паралимпийн наадамд Украйны баг оролцох боломжгүй болсон тухай шийдвэрийг Үндэсний Паралимпийн хороо гаргана гэж хорооны мэдэгдэлд дурдсан байна.

Украйны Паралимпийн хорооны даргаар “Батькивщина” намаас Радад сонгогдсон депутат Валерий Сущкевич ажилладаг бөгөөд тэрбээр тун удахгүй Паралимпийн наадам нээлтээ хийх гэж байгаа тул Оросын засгийн газар түрэмгийллээ зогсооно гэдэгт тэрбээр итгэлтэй байгаа гэнэ. 

Тамирчид бэлтгэлээ хийсээр л ...

Паралимпд оролцох тамирчид бэлтгэлээ хийж байна


"Манай багийн уур амьсгал хэвийн, тамирчид бэлтгэлдээ явж, наадамд оролцоно гэсэн бодолтой байгаа. Нөхцөл байдал энхийн замаар шийдэгдвэл бид Паралимпд оролцоно” хэмээн Украйны шигшээ багийн хэвлэлийн төлөөлөгч Наталья Гарач хэвлэлд өгсөн ярилцлагандаа дурджээ.

Түүний өгүүлснээр Сочид болох Паралимпийн наадамд оролцох шигшээ баг 31 хүний бүрэлдэхүүнтэйгээр энэ сарын 1-ний өдөр Сочи хотноо ирж, бэлтгэлээ хийж байгаа гэнэ. Тамирчид хэчнээн медаль авах тал дээр ямар нэг төлөвлөгөө гаргаагүй байгаа ч өмнөх амжилтуудаа алдахгүй байхаар хичээж байгаа юм байна.

Сонирхуулахад 2010 оны Ванкуверын Паралимпийн наадмаас Украйны тамирчид нийтдээ 19 медаль тэр дундаа таван алтан медаль хүртэж байсан юм. 

 

Америк болон Британи улс оролцохгүй

Украйн улс ийнхүү оролцох тал дээрээ эргэлзээтэй байгаа гэдгээ илэрхийлсэн бол үүний өмнө АНУ болон Их Британийн албаны төлөөлөгчид Сочигийн Паралимпийн наадамд очихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм.

Барак Обама Украйнд өрнөж буй үйл явдалттай холбоотойгоор Паралимпд оролцох төлөөлөгчөө явуулахгүй байх шийдвэр гаргасан.

 АНУ-ын  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Кейтлин Хэйден мэдэгдэхдээ Ерөнхийлөгч Барак Обама Паралимпэд оролцох Америкийн тамирчдаа дэмжиж байгаа ч Украйнд өрнөж буй үйл явдалттай холбоотойгоор төлөөлөгчөө явуулахгүй байх шийдвэр гаргасан гэжээ.

Харин Их Британийн тухайд тус улсын Ерөнхий сайд Дэвид Камерон “Украйнд болж буй нөхцөл байдалтай холбоотойгоор Гадаад хэргийн сайд Уильям Хейг бид хоёр Британийн сайд нар Сочигийн Паралимпийн наадамд оролцох нь буруу гэж шийдсэн” хэмээн твиттердээ жиргэсэн байна. 

Олимп эвлэрлийн гүүр болох уу?

Сочигийн Паралимп энэ сарын 7-нд эхэлнэ. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцдог Паралимпийн зуны анхдугаар наадам 1960 онд болсон бол анхны өвлийн Паралимп 1976 онд Шведийн Эрншельдсвикд болж байжээ.

Харин 20 жилийн өмнө, 1994 оны Лиллехаммерын Олимпоос эхлэн Паралимпийг Олимпийн наадмын нийслэлд, Олимп дууссанаас хойш хоёр долоо хоногийн дараа эхлүүлдэг уламжлалтай болсон юм.

Сочигийн Паралимп энэ наадмын түүхэн дэх 11 дэх удаагийн наадам болох юм. 2014 оны Паралимпийн наадмаар 72 багц медалийг биатлон, цана, уулын цана, тэргэнцэртэй керлинг, хоккей гэсэн таван төрлөөр гардуулах юм байна.

2006 оноос хойш Паралимпэд “Олимпийн эвлэрэл” гэсэн ухагдахуун бий болсон бөгөөд энэхүү эвлэрлийг санаж Украйн дахь нөхцөл байдлыг энхийн замаар шийдвэрлэхийг Олон улсын Паралимпийн хорооноос гуравдугаар сарын хоёрны өдөр уриалжээ. 

Эх сурвалж: www.bbc.co.uk