Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Өрөм гэрийн эзний магнайг бэлгэддэг

Ч.Тулга
2014 оны 1 сарын 29
Зууны мэдээ
Монголчуудын шинэлэх ёс битүүний өдрөөс эхэлдэг

Цагаан cap нь өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том, эртний баяр юм. Анх Чингисийн үеэс тэмдэглэсэн гэж үздэг ч түүнээс ч өмнө тэмдэглэж байсан гэх баримт бий.

1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад цагаан сарыг хаврын эхэн сард тэмдэглэвэл зохистой гэсэн зарлиг буулгажээ. Монголчуудын шинэлэх ёс битүүний өдрөөс эхэлдэг.

БИТҮҮРЭХ ЁС

Саргүй, харанхуй байдаг учир оны отгон шөнийг битүүн гэж нэрлэдэг. Энэ өдөр бүх зүйл бүтэн, битүү байх учиртай. Мөн энэ өдрийг Лхам бурханд зориулдаг ажээ. Учир нь өглөө нар мандахад Лхам бурхныг тахиж, баярлуулдаг уламжлалтай. Харин баярласан Лхам бурхан тэр шөнө гурван мянган орчлонг нэг удаа тойрон, айл бүрт зочилдог гэж үзээд монгол айл бүхэн хоймортоо бурхан залж, идээ будаа өргөдөг билээ.

Тавьсан идээнийхээ дээдээс бурхандаа болон галдаа өргөх ёстой. Ямар ч буртаггүй цэвэрхэн хувцас өмсөж, ахмад настандаа хүндэтгэл үзүүлдэг. Мөн тотгон дээрээ мөс, цагаан тос тавьдаг уламжлалтай. Гэрийн эзэгтэй шинэ цай чанаж, өрхийн тэргүүндээ эхэлж барих ёстой.

Энэ өдрийн зоогт эрүүг нь заагаагүй хонины толгой, өвчүү, бууз багтдаг. Өвчүүгээ өөд нь харуулан дээр нь дал, дөрвөн өндөр, шаант, залаатай богтос тавина. Айл хотлоороо цугларч, ирэх жилийн сайн сайхны тухай ярилцаж өнгөрөөдөг юм.

УУЦ ТАВИХ ЁС

Цагаан сарын хамгийн чухал бэлгэдэл нь ууц билээ. Ууц бол тухайн айлын тэр жилийн өнгө, ноён нурууг бэлгэддэг. Ууцан дээр сээр эсвэл хүзүү, дал, дөрвөн өндөр, хавирга, хонготой шагайг дагуулан тавьдаг. Гийчний өмнө ууц тавихдаа баруун талд нь дөрвөн өндөр хавиргыг тавих ёстой.

Сээрний нарийн үзүүр, шаант, дал, хавиргыг ууцны нуруу өөд харуулан тавина. Хэрэв сээрний оронд хүзүү тавих бол аман хүзүү талыг нь зочны зүг харуулан тавьдаг. Ууцаа хөндөхдөө зүүн гараараа ууцаа түшин ууц, сүүл хоёрын уулзвар орчимд голд нь нэг, дараа нь олон яс уулзах орчмоос эхлэн өөрийн тийш цувуулан гурав, гурав эсгэдэг.

Ийнхүү хөндөсний дараа ууцаа таллана. Хоёр талаас таллаж авснаа гурав, гурав хувааж нэгийг нь галдаа өргөдөг. Харин гурвыг нь дээж болгож тусгай тавьдаг. Үлдсэн хоёр хувийг өөрсдөө амсана. Махаа эх талаар нь зочин руу харуулж тавьдаг. Зочин толгой галаас нь барьж хажуулдуулан, огтолж идэх ёстой.

ИДЭЭ ЗАСАХ ЁС

Монголчууд cap шинийн баяраараа идээ засдаг уламжлалтай. Тавгийн идээг сондгой үеэр засна.

Учир нь жаргал, зовлон гэж сөөлжүүлэн жаргалын эх нь ундраг гэж ийнхүү бэлгэддэг юм. Тавгийн идээний дээшээ явах үе гэрийн эзний наснаас хамаардаг.

Жаран наснаас ная хүртэлх настай хүн таваар таван үе идээ засдаг уламжлалтай. Харин наян наснаас зуу хүртэлх настай буурлууд таваар долоон үе засдаг гэнэ. Цагаан сарын тавгийн идээг зөвхөн цагаан зүйлээр чимэглэх ёстой.

Энэ нь хиргүй цагаан сэтгэлийг бэдгэддэг юм. Харин тавгийн оройд өрөм дэвсэж өгдөг. Учир нь гэрийн эзний магнайг бэлгэдэж, оюунлаг, ухаантай байж, өрх гэрээ өнгөтэй авч явна гэсэн нарийн утгатай ажээ.

Зураг