Ш.Оюумаа: Энхтайвны өргөн чөлөө буюу төв замаар зорчдог нийтийн тээврийн автобусны хурд нэмэгдсэн

Д.Янжиндулам, ikon.mn
5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энхтайвны өргөн чөлөө буюу төв замаар зорчдог нийтийн тээврийн автобусны хурд нэмэгдсэн гэнэ.

Энэ тухай Нийтийн Тээврийн Бодлогын Газрын тээврийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Оюумаа "Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн 1,172 автобус иргэдэд үйлчилж байна. Нийслэлийн засаг даргын энэ оны есдүгээр сарын 3-ны өдрийн захирамжаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, хөдөлгөөнийг дэмжин ажиллах чиглэл бүхий Шуурхай Штаб ЗХУТ-д байгуулагдсан. 

Улаанбаатар хотын түгжрэл ихтэй цэгүүд, ачаалалтай цагуудад авто замын хөдөлгөөнийг гэрэл дохио болон ТЦА-ны албан хаагчид шуурхай зохицуулалтаар дэмжин ажиллах зорилготой штаб юм.

Штаб ажилласнаас хойш Энхтайвны өргөн чөлөө буюу төв замаар зорчих нийтийн тээврийн автобусны ашиглалтын хурд нэмэгдсэн. Өмнөх жилүүдэд уг өргөн чөлөөнд нийтийн тээвэр 12км/цагийн хурдтай явдаг байсан бол өнөөдрийн байдлаар хурд 15-16км/цаг болсон.

Бусад гудамж замуудад нийтийн тээврийн ашиглалтын хурд дээшилсэн үзүүлэлттэй харагдаж байна" гэж танилцууллаа.

Тус штабын удирдлага дор Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын хөгжлийн газар, нийтийн тээвэр, эрүүл мэнд, онцгой байдал зэрэг байгууллагууд 365 хоногийн хугацаанд нэгдсэн зохион байгуулалтаар ажиллах аж.