Б.Пүрэвдагва: Хүүхдээ эмчлүүлж буй иргэд эмнэлгийн коридорт хэвтэх дүр зургийг энэ өвөл хармааргүй байна

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

0-18 насны хүүхдүүдийг эмчлэх зорилгоор Өргөө, Амгалан, Хүрээ амаржих газрыг төрөлжсөн эмнэлэг болгох шийдвэр энэ оны долоодугаар сард гарч байв.

Хотын дарга Б.Пүрэвдагвын мэдээлснээр томуугийн дэгдэлтийн үеэр эх, хүүхдүүдийг эмчлэхээр Амгалан, Хүрээ, Өргөө амаржих газруудыг төрөлжсөн эмнэлэг болгожээ.

Энэ тухай тэрбээр "Хүүхдээ эмчлүүлж байгаа иргэд эмнэлгийн коридорт хэвтэх дүр зургийг энэ өвөл хармааргүй байна. Энэ долоо хоногт хэцүү нөхцөл байдалтай эмнэлгүүдэд очиж ажиллаж, асуудлыг шийдвэрлэнэ.

Амгалан амаржих газар, Чингэлтэй дүүргийн эмнэлэгт үүссэн асуудалд анхаарлаа хандуулахыг НЭМГ-ын дарга Наранбаатарт анхааруулж байна.

Томуу, томуу төст өвчний эсрэг аян эхэлсэн байгаа. Сургуулийн багш, нийгмийн ажилтан, менежерээр дамжуулж хүүхдүүдээ томуугийн вакцинд хамруулах хэрэгтэй.

Ахмад настан, жирэмсэн эмэгтэй, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, ужиг өвчтэй хүмүүс гэртээ ойр өрхийн болон нэгдсэн эмнэлэг дээр очиж томуугийн вакциныг тариулах боломжтой" гэв.

Нийслэлд 0-6 насны 230 орчим мянган хүүхэд амьдардаг бөгөөд тэдний 210 мянга буюу 80-аас дээш хувийг томуугийн вакцинд хамруулахаар төлөвлөжээ.