С.Даваасүрэн: Энэ өвөл 300 мянга гаруй тонн хагас кокс, 80 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Есдүгээр сарын 15-наас галлагааны улирал эхэлнэ. Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн түлшний нөөцийн талаар холбогдох албаныхан мэдээлэл өгөв.
Энэ тухай “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн “Тавантолгой түлш” ХХК гурван цехийн хоёр шугамаар шахмал түлш үйлдвэрлэж байна. Анх гурван үйлдвэрийн 20 шугамаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2024 оноос үйлдвэрлэлийн хүчин чадлыг 50 тонн/цаг болгон гурав дахин нэмэгдүүлж, шугамын тоог цөөрүүлэн бүтээмжийг сайжруулсан.
“Тавантолгой түлш” ХХК түлшний үйлдвэрлэлийн гурав дахь үеийн шилжилтээ хийж, 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлийн айл өрхүүдийн хэрэглээнд хагас коксон түлш нийлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 38.3 мянган тонн түлшний нөөц бүрдүүлээд байна” гэв.
2026-2027 оны халаалтын улиралд 430 мянган тонн бүтээгдэхүүн борлуулахаар төлөвлөжээ. Тухайлбал 300 мянга гаруй тонн хагас коксон түлш, 80 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулахаар болжээ. Харин аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн савласан мидлинг нийлүүлэх юм байна.
Улаанбаатар хотод 170,000 өрх шахмал түлш хэрэглэж байгаа бөгөөд энэ жилээс 5,000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлжээ. Галлагааны улирал эхлэх үед 50-60 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлсэн байх шаардлагатай байна.
Энэ жил Хотула аппликэйшнийг давхардалгүйгээр бүрэн гүйцэд нэвтрүүлж, шахмал түлшийг олгохоор төлөвлөжээ. Өнгөрсөн жил уг аппликэйшн болон иргэний үнэмлэхийг давхар ашиглан шахмал түлш авч, хомсдол үүсгэж байв. Өвлийн улиралд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, түлшний чанар, хүртээмж, түгээлттэй холбоотой асуудалд анхаарлаа хандуулахыг нийслэлийн удирдлагууд амлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
