ХУУЛИЙН ТӨСӨЛ: Ажил олгогчид ажилчдынхаа гэр бүл, хүүхэд, асаргаатай холбоотой асуудалд чиглэсэн бодлогыг дотоод хэм хэмжээндээ тусган хэрэгжүүлнэ

М.Батчимэг, ikon.mn
55 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гэр бүлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ. 

Тус хуульд гэр бүлийг дэмжих үйл ажиллагаа тухайлбал, шууд хэлбэрээр мөнгөн дэмжлэг олгох, бусад хэлбэрээр буюу орон сууц, татварын дэмжлэг үзүүлэх, ажил, амьдралын тэнцвэрийг хангах, гэр бүлийн боловсрол, эрүүд мэндийг дэмжих, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, эдгээртэй холбогдуулан төрийн болон орон нутгийн хэрэгжүүлэх чиг үүрэг, санхүүжилтийн асуудлыг зохицуулж, тодорхойлсон байна. 

Тухайлбал: 

  • хүүхэдтэй залуу гэр бүл, гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл анх удаа ипотекийн зээлээр орон сууц худалдан авахаар ипотекийн зээлийн зорилтот бүлгийн жагсаалтад орсон тохиолдолд орон сууцны зориулалтын дэмжлэгийг тэргүүн ээлжид  хамруулах,
  • ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргана,
  • түрээсийн орон сууцанд хамруулах байдлаар орон байртай болгох зохицуулалтыг Засгийн газраас хэрэгжүүлэхээр тусгажээ. 

Мөн хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгөх, авахад нь зориулж ажлын цагийг богиносгох, ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асарч байгаа ажилтанд гэрээсээ, эсхүл зайнаас ажиллах боломжоор хангах, байгууллагын цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээ ажиллуулах зэрэг ажилтны нийгмийн баталгааг хангахад чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэхийг ажил олгогч хөдөлмөрийн дотоод хэм хэмжээндээ тусган хэрэгжүүлнэ гэжээ.