"Зарим халамжийн мөнгө амьжиргаа өндөр гэр бүлүүд рүү чиглэж байгаа учир гэр бүлийг дэмжих бодлогыг халамжаас салгана"
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас боловсруулсан Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хууль болон Халамжийн тухай хуулийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дэмжиж УИХ-д өргөн барихаар болжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир "Одоо мөрдөгдөж буй Халамжийн тухай хуулиар улсын төсвийн зардалд 2.4 их наяд төгрөг халамжийн зардал байдаг. Хүүхдэд өгч байгаа 100,000 төгрөгт жилд 1.5 их наяд орчим төгрөг төсөвлөгддөг. Мөн цалинтай ээж, одонтой ээж зэргийн мөнгийг халамжийн мөнгө гэж өгдөг байсан нь Монгол Улсын хүн ам зүйн бодлогыг халамж болгож харагдуулж буй учир гэр бүлийн хөгжлийг дэмжих чиглэл рүү тусад нь салгана.
Ингэснээр халамжийн мөнгө зорилтод бүлэгтээ буюу хөгжлийг бэрхшээлтэй, ахмад настнууд зэрэгтээ очиж чадна. Мөн хүн ам зүйн бодлогоо дэмжих тусдаа хуультай болж байна гэсэн үг" гэв.
Тодруулбал жирэмсэн эх, ихэр хүүхдийн тэтгэмж, цалинтай ээж, “Алдарт эх” одонгийн урамшуулал, хүүхдийн мөнгөн тэтгэмж зэрэг мөнгөн тэтгэмжүүдийг хүн амыг өсгөх бодлогын хүрээнд Нийгмийн халамжийн тухай хуулиас тусгаарлаж Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулиар зохицуулахаар тусгасан байна.
Халамж авч байгаа иргэдийг амьжиргааны түвшнээр нь мониторинг хийж үзэхэд зарим халамжийн мөнгөн тэтгэмжүүд амьжиргаа өндөр гэр бүл, иргэд рүү чиглэж байсан байна. Иймд гэр бүлийг дэмжих бодлого, халамжийг дэмжих бодлого хоёрыг салгаснаар илүү оновчтой болно гэдгийг онцлов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
