Гандангийн дэнжийн газар чөлөөлөх нэгж талбарыг нэмэгдүүлжээ

Д.Янжиндулам, ikon.mn
6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гандангийн дэнжийн 1.8 га газрыг тохижуулахаар болж, айлуудын газрыг чөлөөлөхдөө нэг м.кв-ыг 1.2 сая нийслэлээс төгрөгөөр үнэлж нөхөн олговор өгч буй.

Тус байршлын газар чөлөөлөлтийн явцын талаар НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр "Энэ оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн байдлаар нийслэлийн Засаг даргын 41 удаагийн захирамжаар Гандангийн 130 нэгж талбарын 16.89 га талбайг чөлөөлөөд байна.

Гандангийн жишиг гудамж тохижилт, бүтээн байгуулалтын газар чөлөөлөх нэгж талбарыг нэмэгдүүлж, 160 нэгж талбар чөлөөлөхөөр болсон. Өнөөдрийн байдлаар 36 нэгж талбарыг чөлөөлж, 82 нэгж талбарт үнэлгээ хийлээ.

Мөн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, 32-ын тойрог орчимд байгаа том оврын тээврийн хэрэгслийг байршуулах газрын асуудлыг шийдвэрлэж, нүүлгэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Энэ хүрээнд тус хороонд хийгдэх том оврын авто машины зогсоолын нөлөөлөлд өртсөн 23 нэгж талбарыг нөхөх олговортойгоор чөлөөлж, 12 нэгж талбарт эд хөрөнгийн үнэлгээ хийж байна. Тухайн байршилд зураг, төсөв хийлгэхээр зургийн ажлын судалгаанд оруулсан. Том оврын тээврийн хэрэгслийг нүүлгэн шилжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа" гэв.

Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулах ажлыг энэ онд гүйцэтгэхээр 4.8 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.

Нийт 1.6 га талбайд тохижилт хийх бөгөөд талбайн 30 хувьд ногоон байгууламж, 70 хувьд явган замын талбай байгуулах аж.

Гандан орчмын 55 га нутаг дэвсгэрт 5,700 орчим өрх амьдардаг бол 170 ААН үйл ажиллагаа явуулдаг байна.