Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Гандангийн дэнжийн айлуудын газрыг чөлөөлж эхэлжээ.
Тус дэнж дээр 1,300 орчим айл өрх байдгаас хашаа байшинд амьдарч гал түлдэг 550 өрх байна. Эдгээр айлын газрыг чөлөөлөх шийдвэр гаргаж, 55 нэгж талбарыг чөлөөлөхөөс 35 нэгж талбарыг чөлөөлсөн бол 12 нэгж талбарт үнэлгээ хийлгэжээ. Харин 8 айлтай уулзалт зохион байгуулаагүй байна. Энэ жил 55 айлтай газар чөлөөлөлтийн гэрээ байгуулж, төлбөрийг төлөх аж.
Чөлөөлсөн газрыг юунд ашиглах талаар хотын дарга Х.Нямбаатар "Гандангийн зүүн талын айл өрхүүдийн газрыг чөлөөлнө. Чөлөөлсөн газар дээр өндөр барилга байгууламж бус Гандангийн зүүн хаалга руу орох явган чулуун шаттай, ногоон байгууламж бүхий зурвасыг байгуулахаар зураг төслийг гаргасан.
Бэтүб хийдээс Гандан хүртэл өргөн гүүрэн байгууламж барина. Ингэснээр Монгол Улсад ирсэн жуулчид Урт цагааны гудамжнаас бэлэг дурсгалын зүйл худалдаж авчхаад Гандантэгчинлэн хийдэд ирж залбирч, сүсэглэх, үзэж сонирхох, зургаа авхуулах боломжтой болно. Өөрөөр хэлбэл автомашины хөдөлгөөнтэй давхцахгүй, гүүрэн байгууламжаар явган алхаж Гандангийн зүүн хаалгаар орох тохижилтыг хийхээр төлөвлөсөн. Шашны эд зүйлс зардаг павильон байгуулна. Энэхүү ажлыг ирэх хавар хийнэ. Газраа чөлөөлөхөөс татгалзсан хоёр айлыг хотын бүтээн байгуулалтын ажилд дэм туслалцаа үзүүлэхийг хүсэж байна. Бид зах зээлийн хамгийн боломжтой үнийг тэдэнд санал болгож байгаа. Хотын төвд ганц хашаанаас болж, ажлаа саатуулмааргүй байна.
Арванхоёрдугаар сарын 15-нд НИТХ-аар 2026 оны нийслэлийн төсөв батлагдана. Энэ төсөвт Гандангийн тохижилтын ажлын зардлыг оруулсан байгаа юм.
Гандангийн дэнжийн айл өрхүүдийг мод, нүүрс түлүүлэхгүй байх шийдвэр гаргасан" хэмээн мэдээллээ.
Түүний үзүүлсэн Гандангийн дэнжийн төлөвлөлтийн зураг:
2026 онд хийгдэх газар чөлөөлөлтийн тухайд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!