Гандангийн ойр орчмыг жишиг гудамж болгохоор төлөвлөжээ
Нийслэлээс Гандангийн ойр орчмыг жишиг гудамж болгохоор төлөвлөж байна. Энэ талаар Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр өчигдөр мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “Нийслэлийн аялал жуулчлалын томоохон бүс болох Гандантэгчэнлин хийд орчимд энэ жил дэд бүтцийн хэд хэдэн ажлыг эрчимтэй хийсэн. Мөн Гандан орчмын жишиг гудамжны тохижилт, бүтээн байгуулалтын төлөвлөлтийг хийж, газрыг чөлөөлж байна. Гандан орчмын 55 га нутаг дэвсгэрт 5700 орчим өрх амьдарч байна. Мөн 170 ААН үйл ажиллагаа явуулдаг. Өмнө нь Гандан орчмыг жишиг гудамж болгон хөгжүүлэх талаар хэд хэдэн төлөвлөгөө гарсан байдаг ч харамсалтай нь хэрэгжээгүй. Бид Гандангийн зүүн төв хаалганаас чанх урагшаа 1.7 га орчим газрыг чөлөөлж, жишиг гудамж хийхээр төлөвлөсөн. Үүнд нийт 55 нэгж талбар өртөж байгаа юм. Газар чөлөөлөлтийн явц маш сайн байна. Одоо гурван нэгж талбар чөлөөлөгдөөгүй байна. Өмнө хийгдэж байсан төлөвлөлтүүд хэрэгжээгүй шалтгаан нь газар чөлөөлөлтийн асуудал байсан. Ингээд газар чөлөөлөлтийн асуудлаар иргэдтэй зөвшилцөлд хүрч байгаа учир ирэх хавар тохижилтын ажлыг эхлүүлнэ" гэв.
Хот төлөвлөлт Судалгааны институтийн архитектор С.Ууганбаяр “Гандангийн зүүн өргөн чөлөө эрт үеэсээ их өргөн гудамж байсан. Сүүлийн жилүүдэд айлууд түрээд нарийссан. Жишиг гудамж болгохдоо хуучин төрхийг нь хадгалж, сэргээн иргэд чөлөөт цагаа өнгөрөөхөд тухтай болгохоор төлөвлөсөн. Энэ гудамж байгуулагдсанаар түүх соёлын өндөр ач холбогдолтой бөгөөд ААН-ийн бизнесийг дэмжиж, гадаад, дотоодын жуулчдыг татах зорилготой. Энэ өргөн чөлөө нь Урт цагааны гудамж замтай холбогдох юм” гэлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
