"Орон сууцны хорооллуудын дундах халуун усны шугамд өдөрт 1-2 гэмтэл гарч байна"

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 36 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Хилчингийн долоодугаар байрны дулааны шугамд өчигдөр гэмтэл гарчээ.

Энэ тухай Орон Сууц Нийтийн Аж Ахуйн Удирдах Газрын Зүүн түгээх төвийн Засварын хэсгийн инженер Б.Шинэбаяр “Бид Хилчингийн долоодугаар байрны 44 айлын халуун усны 24 метр шугамыг засварлаж байна. Энэ гэмтлийг 3-4 цагийн хугацаанд гүйцэтгэж дуусна.

Улаанбаатар хотод ашиглалтын хугацаа нь дууссан шугам сүлжээ их байдаг. ААН-ийн талбайгаар явсан шугам сүлжээ ч олон. Тиймээс аливаа засвар үйлчилгээг хийхдээ ААН-ээс зөвшөөрөл авах зэрэг асуудал гардаг” гэлээ.

Харин УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэлийн мэдээлснээр салбарын тарифын асуудлаас болж шугам сүлжээний шинэчлэл хийхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсжээ. Цахилгаан эрчим хүч тасарсны улмаас насос зогсож халаалтгүй болж, тог ирэхээр насос нь муу шугамд цохилт өгч гэмтлийн тоо олширч айл өрхийн ус, дулаан тасрах үзэгдэл нэмэгддэг бөгөөд ус, дулааны үнэ тарифыг зах зээлийн зарчимтай нийцүүлчихвэл орон сууцны айл өрхүүдэд ус, халаалтгүй болох тохиолдол гарахгүй гэнэ.

Орон сууцны хорооллуудын дундах шугам сүлжээнд өдөрт дунджаар 1-2 гэмтэл гарч, үүний улмаас 60-1,000 гаруй айлын халаалт зогсож, халуун усаа хязгаарлуулдаг байна. Харин сүүлийн жилүүдэд орон сууц, нийтийн аж ахуйн инженерийн шугам сүлжээний шинэчлэлийн ажилд нийслэлийн төсвөөс 4-15 тэрбум төгрөг зарцуулжээ.

Улаанбаатар хотын инженерийн нийт шугам сүлжээний 43.2 хувь нь ашиглалтын хугацаа дуусаж, яаралтай шинэчлэх шаардлагатай болсон байна.

Жил бүрийн тавдугаар сарын 15-наас халаалт зогсохтой зэрэгцэн орон сууцны айл өрхүүдийн халуун усыг тасалж, засвар шинэчлэл хийдэг ч түүний хэлснээр ус, дулааны үнэ тариф бага учраас хүндрэлтэй байгаа аж.