Уншиж байна ...

Морингийн даваанд баригдах хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Морингийн давааны 10 га газар дээр хог шатааж эрчим хүч үйлдвэрийг 2025-2028 оны хооронд гурван жилийн хугацаанд барихаар болоод буй. Үйлдвэр нь  хогийг булшлах, байгаль орчинд сөрөг нөлөөтэй технологийг үе шаттай халж, орчин үеийн дэвшилтэт шийдэлд суурилсан хог боловсруулах, эрчим хүч гарган авах цогц системтэй баригдана гэж танилцуулсан.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр өнөөдрийн байдлаар төслийн талбайн газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байгаа бөгөөд нийт 158 нэгж талбараас 101-ийг чөлөөлж, 64 хувьд хүрчээ. Газар чөлөөлөлт хийгдэж дууссанаар үйлдвэрийн барилгын ажил эхлэх аж.

БНХАУ-ын “Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах хөрөнгө оруулалт” ХХК-тай хамтран, зураг төсөл боловсруулах, барих, санхүүжүүлэх, ашиглах, шилжүүлэх загвараар (DBFOM) хэрэгжүүлэх бөгөөд ашиглалт, засвар үйлчилгээ, удирдлагын бүх ажиллагааг иж бүрэн хариуцах нөхцөлтэй байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн давааны 10 га газарт барихаар төлөвлөсөн энэхүү үйлдвэр нь өдөрт 1,500 тн хүртэл хог хаягдлыг шатааж, 35 МВт эрчим хүч үйлдвэрлэж ойролцоогоор 2,333 өрхийг цахилгаанаар хангах тооцоолол гарчээ.

Үйлдвэрийг барих төсөвт өртөг 206.5 сая ам.доллар байна.