ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

М.Баярхүү: Хүйтний улиралд Сэлбэ дэд төвийн орон сууцны барилгын ажил түр зогсоно

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Хүйтний улиралд буюу ирэх сард Сэлбэ дэд төвийн орон сууцны барилгын ажлыг түр зогсоохоор болжээ.

Энэ тухай төслийн менежер М.Баярхүү "Багц 1-ийн 20 блок барилгаас 17 блокийг угсарч байна. 17 блокийн зоорийн давхрыг угсарч, дулаалга, дүүргэлтийг барилгын ажил зогсохоос өмнө гүйцэтгэнэ.

Багц 2-ын барилгын ажил эрт эхэлсэн болохоор дөрвөн блокийг хоёр давхар хүртэл барьсан. Бусад барилгуудын хувьд зоорийн давхраас нэг давхар хүртэл угсралтыг гүйцэтгээд зогсоно. Ирэх хавраас орон сууцны барилгын ажил үргэлжилнэ. Нийт төслийн талбай дээр 1,000 орчим хүн, 100 гаруй техниктэйгээр ажиллаж байна.

Цаг агаарын урьдчилсан мэдээллээр арванхоёрдугаар сарын 20-нд хүйтрэх тул барилгын ажлууд зогсоно. Одоогийн байдлаар бетон зуурмагийн температурыг шалгаж, шаардлага хангахгүй бол буцааж байгаа юм. Дотор орчны температурыг дулаан байлгаж, бетон цутгах ажлыг гүйцэтгэж байна" гэж мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар Сэлбэ дэд төвийн  8,565 айлын 113 блок барилгаас 82 блокийн суурийг цутгаж байгаа аж.

Эдгээр орон сууцны нэг м.кв-ыг дунджаар дөрвөн сая төгрөгөөр борлуулахаар төлөвлөжээ.