Уншиж байна ...

"Метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг JP Morgan Chase банкны багаар хянуулна"

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотод Толгойтоос Амгалан чиглэлд 15 өртөөтэй метро төслийг хэрэгжүүлэх гэж буй. Метротой болсноор жилд СО2 213,000 тн, NOx 400тн, SOx 7%-аар буурч, агаарын чанар сайжирна гэж тооцоолжээ.

Өнөөдрийн/2025.11.10/ байдлаар метро төслийн ТЭЗҮ, консепц зураг төслийг бүрэн дууссан бөгөөд байгаль орчин, нийгэмд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээг Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ (ESIA)-г БНСУ-ын “Иножен” ХХК болон Монгол Улсын “Эко Натур” ХХК хамтран гүйцэтгэж байгаа аж. Уг ажлыг ирэх арванхоёрдугаар сард дуусгаж, зохицуулагч банк болох JP Morgan Chase банканд хүлээлгэн өгч, хянуулах юм байна. Метроны бүтээн байгуулалтын ажлыг 2026 онд эхлүүлнэ гэж явцын талаар хотын удирдлага танилцууллаа. 

JP Morgan Chase банк нь Улаанбаатар метро төслийн дүнгийн 85%-г олон улсын эх үүсвэрээс татан төвлөрүүлж, зохион байгуулж, төслийн хэрэгжилт болон эргэн төлөлтийн хугацаанд санхүүгийн хяналт, зохицуулалт хийж хамтарч ажиллана.

Түүнчлэн БНСУ-ын Эксим банкны Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагаа хариуцсан дэд Ерөнхийлөгч болон Дэд бүтцийн санхүүжилтийн албаны захирал нартай метро төсөлд хамтран ажиллах талаар санал солилцсон байна. 

зураг
 

БНСУ-ын Эксим банк нь Панама, Дакка, Каир хотуудын метро болон LRT төслүүдэд санхүүжилт олгожээ.

Найман их наяд төгрөгөөр Улаанбаатар хотын метрог барих тендерт гадаад, дотоодын 27 компани хүсэлтээ ирүүлсэн бөгөөд төслийн бүтээн байгуулалтын ажил төсөл арга хэмжээний 2024-2025 он дамжин санхүүжих дүнг НИТХ-аас 25.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлээд байгаа юм.

Харин тендерт саналаа ирүүлсэн компаниудаас дараагийн шатны сонгон шалгаруулалтыг 2026 оны нэгдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөжээ. Тендерт Монгол, Солонгос, Англи, ОХУ, Франц, Энэтхэг, Хятад зэрэг долоон улсын 27 ААН оролцох хүсэлтээ илэрхийлж, материалаа ирүүлээд буй. Эдгээрийн дийлэнх буюу 11 нь Хятад, найм нь Өмнөд Солонгос, гурав нь манай улсын компани байна.