Зарим Шатахуун Түгээх Станц (ШТС)-ын бензиний нөөц дууссанаас үүдэлтэйгээр өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлээд иргэд шатахууны эрэлд гараад буй.
ШТС-ууд дээр иргэд дараалал үүсгэснээс замын түгжрэл үүсэж байгааг Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас мэдээлсэн билээ.
Энэ талаар "Шунхлай" компанийн мэдээллийн ажилтнаас нөхцөл байдлын талаар тодруулахад "Манайх өөрсдийн түгээх салбаруудад шатахуун хэвийн нийлүүлж байгаа. Нийлүүлэгч талаас хязгаарлаж байгаа тул шатахууны хомсдол үүссэн" гэсэн тайлбарыг өгсөн юм.
Харин "Магнай Трейд" компаниас лавлахад "Шатахуун хэвийн хангагдаж байна. Манайх Баасан гарагт орлогоо хаагаад түгээлтийн жолооч нар Бямба, Нямд амардаг тул амралтын өдрүүдэд шатахуун дуусах тохиолдол гардаг" гэв.
Бид "Петровис", "Сод Монгол" компаниас мэдээлэл авахаар холбогдсон боловч хариу өгсөнгүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!