НИТХ-ын тавдугаар ээлжит хуралдаанаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын нийт 96.44га газарт бүтээн байгуулалт хийх талаар хэлэлцлээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгийн танилцуулснаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын нийт 96.44га газарт БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Үндэсний урлагийн их театр болон Төв цэнгэлдэх хүрээлэн барих 40га, Туулын хурдны замын дайрч өнгөрөх 52.18га, нэгдүгээр тойрог замын 4.26га бүтээн байгуулалт хийх юм байна.
НИТХ-ын Ногоон хөгжлийн хорооны гишүүд Туулын хурдны зам болон Тойрог замын бүтээн байгуулалтыг дэмжиж, тус бүрээр тогтоолын төсөл оруулах санал гаргасан байна. Харин Үндэсний урлагийн их театрыг хотын ногоон байгууламж, ундны эх үүсвэрийн бүсэд байгуулахыг бүгд эсэргүүцэж санал хэлжээ. Ингэхдээ байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийсэн эсэх, холбогдох байгууллагуудаас санал авсан эсэх, барих газрыг өөрчилж Баянхошуу, Сэлбэ зэрэг дэд төвүүдийг түшиглэн барих нь зүйтэй гэсэн санал, дүгнэлтийг гаргажээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан төлөөлөгчид асуулт асууж, санал хэллээ:
Төлөөлөгч Ү.Оюунзул: Ногоон байгууламжийг хөгжүүлэхэд улсын болоод нийслэлийн бодлогын бичиг баримт чиглэсэн. Харин өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс 96 га газрыг авах гэж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагаар ажиллаж байсан хүний хувьд би эсрэг байр суурьтай байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дархлаагүй болсонд харамсаж байна. Улаанбаатар хотод ганцхан цэцэрлэгт хүрээлэн бий. 21 аймгаас ирж зөвлөгөө, зөвлөмжөө аваад явдаг. Байгаль орчны үнэлгээ хийсэн үү, усны газартай зөвшилцсөн үү, санал авсан уу. Ус сувгийн удирдах газраас санал авсан уу?.
Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай "Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Үндэсний урлагийн их театр болон Төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах асуудлыг хоёр орны Ерөнхийлөгч ярилцаж шийдсэний дагуу урьдчилсан байдлаар 40га газар дээр төлөвлөсөн.
Урьдчилан байдлаар төлөвлөсөн учраас анхан шатны бичиг баримтуудыг холбогдох газруудтай хэлэлцэж, тодруулах шатандаа явж байгаа. Эргээд Ү.Оюунзул төлөөлөгчид бичгээр тодорхой хариу өгье" хэмээн хариулав.
Төлөөлөгч Б.Ану-Үжин: Ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн сацуу, аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх бодлого барьж ажиллах нь зүйтэй болов уу. Ботаник, Ногоон нуур орчмын ногоон байгууламжийг ч гэсэн нэмэгдүүлэх нь зүйтэй.
Төлөөлөгч Т.Батцогт: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ямар нэг байдлаар барилга байгууламж барихыг эсэргүүцэж байгаа. Хотын түгжрэл, агаарын бохирдол гээд энэ их стрессийг ганц тайлах зүйл нь иргэдэд ногоон байгууламж. Бид эрх мэдлийнхээ хүрээнд хумсалсаар байгаад өчүүхэн хэсэг л үлдэх юм шиг байна. Улсын хэмжээний томоохон төслүүд явах ёстойг мэдээж хэрэг ойлгож байна. Гол нь уух усныхаа дээр барилга барих гээд байгаа ойлгохгүй байна. Тиймээс хорооны хурал дээр санал гаргасан. Замынх нь хойд хэсэгт зориулалтын дагуу ашиглахгүй хууль зөрчсөн газар байгаа. Тэнд Үндэсний их театрыг байгуулж болдоггүй юм уу. Мэдээж хоёр улсын хооронд явж буй том төсөл гэдгийг ойлгож байна.
Төлөөлөгч Д.Жаргалсайхан: Баянзүрх дүүрэгт яг адилхан ундны усны эх үүсвэр дээр 2022 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Олон улсын эко цэцэрлэг” байгуулах ажил явж байгаа. Энэ ажил дүүргийн төсөвт нэлээд хүндрэл учруулж байгаа. Үүнийг нийслэлд авчихвал түрүүний Ү.Оюунзул төлөөлөгчийн асуусан 96га газрыг аваад яаж ногоон байгууламжийг нэмэгдүүлэх гэсэн асуултын хариулт болох болов уу. Хужирбулан, Улиастайн ногоон байгууламжийг нэмбэл ирээдүйд иргэд амьдрах таатай орчин болж хөгжихөөр байгаа.
Төлөөлөгч О.Зундуйдорж: Усаа бид хайрлаж, хамгаалах ёстой. Өөр бололцоотой газар санал болгож, дахин зөвшилцөх хэрэгтэй байна. Дараа дараагийн газрууд барилга барихгүй гэх баталгаа хаана байна.
Төлөөлөгч Б.Золтуяа: Төлөөлөгч бид иргэдээ төлөөлж байгаа. Нэг ч гэсэн иргэний эрхийг, нэг ч гэсэн иргэний өмчид халдахгүй байхыг хүсэж байна. Таримал ойн сангаа устгуулаад барилга байгууламж барих гээд ороод ирж байна. Ядаж 40га газрыг ч гэсэн хамгаалаад үлдмээр байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай "Улаанбаатар хот Сэлбэ, Туул, Дунд гол гээд усны нутаг. Дэлхийн жишгээрээ голоо дагаж байрладаг. Ундны усаа голоосоо ч, голын гүнээсээ ч авч байгаа. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээ хийгээд голоо дагаад төлөвлөлт хийгээд явдаг. Дэлхийн жишиг яриад хотоо хөгжүүлээд түгжрэлээ шийдье, агаарын бохирдлыг бууруулж ажил хийх гэхээр улс төржөөд байх юм.
Үндэсний урлагийн их театрыг 200 сая ам.доллароор барих гээд хүлээгээд байдаг. “Асем Вилла”, гольфийн талбай гээд хувийн байгууллагууд барилга болж байдаг, улс өөрсдийн мэдэлдээ яагаад ажил хийж болохгүй гэж” гэсэн тайлбарыг өглөө.
Тогтоолын төсөл батлагдсаны дараа төлөөлөгч Т.Батцогт: Бид та нарын алдаатай асуудлуудыг чинь зөв болгох гэж саналаа хэлж байгаа юм. Хэлсэн санал бүр улстөржлөө гэдэг агуулга руу хувирч байгаа юмуу. Солиордог газраа солиорно шүү Даваадалай, давраад байгаарай чи. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газар дээр барилга барина гээд сууж байх юм. Үнэгүй хөрөнгө оруулалт гээд уух ус руугаа хор хийх ёстой юмуу хэмээн сөрөг хүчин ширүүхэн хэлэв.
Түүний хэлсэн саналын дагуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бус хойд талд буй хувийн хэвшлийн газар дээр Үндэсний урлагийн их театрыг барих уу? гэсэн санал хураалт явуулахад төлөөлөгчид дэмжсэнгүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!