Уншиж байна ...

"Нам дагасан хоёр жил ажиллаад явна гэсэн сэтгэхүйтэй хүмүүс томилогдож байгаа нь энэ салбарын ажилтнуудад стресс үүсгэж байна"

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 10 сарын 9
IKON.MN

"Ажилтнаа сонсъё" эрчим хүчний салбарын ажилтнуудын улсын II зөвлөгөөн өнөөдөр болж байна. 

Энэ үеэр ДЦС-3 ТӨХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга н.Энхсаран "Эрчим хүчний салбарын хүний нөөцийн өнөөгийн байдал" сэдвээр илтгэл тавилаа. 


Тэрбээр "Таны гэр гэрэлтэй, дулаахан, та гэр бүлтэйгээ аз жаргалтай байна уу? Энэ бүхний цаана эрчим хүчний салбарын 17,000 гаруй ажилтнуудын хүч хөдөлмөр бий. Хэрэв тэд маргааш ажлаасаа гарвал юу болох вэ?" гэх асуултыг хүн бүр бодоосой гэв. 

12 цаг суугаад ажиллаж байгаа ажилтны ажлын байр: 

зураг
 

Багаар бодоход өдөрт 100 хүн бие засах Ажилчдын ариун цэврийн өрөө 

зураг
 

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны анхан шатны 88 хороодын дунд хийсэн судалгаа: 

  • Танай байгууллагад хүний нөөцийн дутагдал бий юу? гэх асуулгад 92.2 хувь нь "тийм" гэж хариулсан. 
  • Хүний нөөцийн дутагдал аль хэсэгт нь илүү их мэдрэгдэж байна вэ? гэх асуулгад 69.8 хувь нь "Мэргэжилтэй ажилтан", 47.7 хувь нь "тусгай ур чадвартай ажилтан" гэж хариулсан. 
  • Шалтгаан нь юу вэ? гэх асуулгад 90.8 хувь нь "Үндсэн шалтгаан нь цалин бага", 49.4 хувь нь "Ажлын ачаалал их" гэж хариулжээ. 

ДЦС-3 ТӨХК-ийн ажилчдын дунд хийсэн судалгаа: 

  • 2024 онд 89 ажилтан, 2025 онд 54 ажилтан өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. 2024 онд 45 хүн, 2025 онд 80 хүн тэтгэвэрт гарчээ. 
  • Та ажлаасаа гарах тухай боддог уу? гэх асуулгад нийт ажилчдын 26.5 хувь буюу 130 хүн "тийм", 56.4 хувь нь "заримдаа" гэж хариулжээ. 
  • Ажлын байранд стресс байна уу? гэх асуулгад нийт ажилчдын 33.3 хувь нь "маш их", 50.9 хувь "дунд зэрэг" гэж хариулжээ.
  • Та юунаас болж стресстэж байна вэ? гэх асуулгад нийт ажилчдын 70.9 хувь нь буюу 358 нь "цалин хөлс бага" гэж хариулжээ. 
зураг
 
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоо

Эрчим хүчний салбар хүний нөөцийн дутагдалд орж буй шалтгаан нь цалин хангалтгүй, ажиллах орчны нөхцөл хүнд буюу ээлжийн ажил, халуун, хортой, тоноглол хуучирсан, ажлын ачаалал их буюу байхгүй ажилтныг ажлыг нөхдөг, хариуцлага өндөр, дарамт стресс ихтэй 3 сараас 1 жил хүртэл дагалддаг, салбарын санхүүгийн асуудалтай холбоотойгоор ажилтны нийгмийн асуудал шийдвэрлэлт муу, хүний нөөцийн тогтвортой нэгдсэн бодлого байхгүй, улс төрийн томилгоо, танил тал, шударга бус үнэлгээ, тархмал буюу хөдөө орон нутагт байрладаг, компанид мөрдөгддөг хууль зөрчсөн дотоод хэм хэмжээ гэж үзжээ. 

Ажилтнуудын урам зоригийг хугалж, байгууллагын соёл, тогтсон зүйлийг байхгүй болгож байгаа зүйл нь улс төрийн томилгоо байна гэдгийг тэрбээр онцлов. Тухайлбал 2022-2025 оны хугацаанд 6 салбарын сайд солигдсон. ДЦС-3 ТӨХК-ийн гүйцэтгэх захирал 5 удаа, Захиргаа, хүний нөөцийн албаны дарга 6 удаа солигдсон байна. Ийм байхад тогтвортой хүний нөөцийн бодлого байх боломжгүй байна. Нам дагасан мэргэжлийн бус хоёр жил ажиллаад явах нь ойлгомжтой гэсэн сэтгэхүйтэй хүмүүс хамгийн их стресс үүсгэж байгаа үндсэн шалтгаан гэв. 

Хуучин энэ асуудал зөвхөн удирдлагын түвшинд яригддаг байсан бол одоо дотоод ажилчдын түвшинд орсон. Цалин, нөхцөл ахиу ажлын байр болгон дээр танил талаараа хүн томилдог болсон нь хүнийг ажлаас гарах үндсэн шалтгаан болгож байна гэв.