Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Баатар: Монгол, Хятад улсад үйлдвэрлэсэн дулаалгын хөөсөөр 10х8 харьцаатай байшинг хагас өдөрт дулаалж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Энэ онд нийслэлийн Чингэлтэй, Баянгол дүүргийн таван хорооны 5,000 өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлэх ажил өрнөж буй.

Тухайлбал Баянгол дүүргийн хэмжээнд нийт 360 айлын гэр, 512 айлын байшинг дулаалахаас өнөөдрийн байдлаар 212 айлын гэр, 81 байшинг дулаалжээ.

Баянгол дүүргийн менежер Ж.Баатар “Баянгол дүүргийн арваннэгдүгээр хорооны байшин, гэр дулаалгын ажил эрчимтэй үргэлжилж байгаа. Дүүргийн хэмжээд дулаалгын ажлыг 12 ААН гүйцэтгэж байгаа юм.

Монгол болон Хятад улсад үйлдвэрлэсэн дулаалгын хөөсийг ашиглаж байгаа. Хөөсний зузаан 10 см. Хана дулаалгын араас дээврээ дулаална. 10х8 харьцаатай байшинг хагас өдөрт дулаалж байна” гэв.

Аравдугаар сарын сүүл гэхэд дулаалга дуусаж, арваннэгдүгээр сарын эхээр хийн холболтуудаа хийхээр төлөвлөжээ. Гэр, байшингийн дулаалгыг нийслэлийн зүгээс хийж байгаа бол тухайн өрх нь гадна фасад болон үүдний амбаарын хэсгийн дулаалгыг заавал хариуцах юм байна.

Хийн халаагуур 10х8 харьцаатай байшинг 5-6 минутад, монгол гэрийг гурван минутад халаана. Хийн түлш түгээх 22 цэг ажиллах бөгөөд цэнэглэхэд иргэд 2-3 минут зарцуулах аж.

Есдүгээр сарын 15-ны өдрөөс тавдугаар сарын 15-ны өдрийг дуустал хийн халаагуур хэрэглэсэн бол тухайн өрхөд нийт 900,000 төгрөгийн урамшуулал олгох юм байна.

зураг