Агаарын орон зайд нь дрон буюу нисгэгчгүй онгоц нэвтэрсний улмаас Дани улсын Аалборг хотын нисэх буудал өчигдөр түр хугацаагаар хаагджээ.
Даваа гарагт тус улсын нийслэл Копенхаген хотын нисэх буудлын үйл ажиллагаа ижил шалтгаанаар тасалдаж байсан юм.
Тиймээс энэ долоо хоногт хоёр дахь удаагаа ийм зүйл тохиолдож байна.
Данийн Үндэсний Цагдаагийн Газрын дарга Торкилд Фогде сүүлийн дроны ард хэн байгааг хараахан тогтоож чадаагүй ч хэд хэдэн хувилбар онол дэвшүүлэн шалгаж байгааг мэдээлжээ.
“Бид нисэх буудлуудын агаарын орон зайд нэвтэрсэн эдгээр объектууд нь дрон болохыг дахин нэг удаа баталлаа” гэж тэр хэлсэн байна.
Лхагваас Пүрэв гарагт шилжих шөнө гурван нисэх буудалд үл мэдэгдэх нисдэг биет үзэгдсэнээс зөвхөн Аалборгийн нисэх буудалд нэвтэрсэн биет дрон байсныг баталгаажуулсан гэнэ.
Ийм нисгэгчгүй онгоцнуудыг унагах боломжийг үгүйсгээгүй ч ийм хувилбар нэлээд төвөгтэй байж болохыг Фогде тайлбарлажээ.
“Унагахын тулд бидэнд ингэх багаж төхөөрөмж хэрэгтэй. Мөн нисэх буудлын эргэн тойронд аюул учруулахгүйгээр хийх чадвартай байх ёстой. Олон нийтийн аюулгүй байдлыг бодолцох ёстой” гэж тэр хэлсэн байна.
Дрон нэвтэрсэнтэй холбогдуулан Аалборгийн нисэх буудал ирж байсан гурван онгоцыг өөр нисэх буудлууд руу шилжүүлж, газардах нэг, хөөрөх хоёр нислэгийг цуцалжээ.
Даваа гарагт 2-3 том оврын дрон үзэгдсэний дараа Копенхаген хотын нисэх буудал бүх газардах, хөөрөх нислэгүүдээ дөрвөн цагийн турш зогсоосон юм.
Дээрх дронууд сонирхогчийн түвшний биш, том овор хэмжээтэй байсныг маргааш нь Данийн цагдаагийн газар мэдээлж байжээ.
Мягмар гарагт Данийн хөрш Норвеги улсын нийслэл Осло хотын нисэх буудал бас үл мэдэгдэх дрон үзэгдсэний улмаас гурван цагийн турш үйл ажиллагаагаа зогсоож байв.
Одоогоор Дани болон Норвегид үзэгдсэн дронууд хоорондоо холбоотойг тогтоогоогүй байгааг Фогде өчигдөр мэдээлжээ.
Оросын байлдааны дронууд Польш, Румын улсын агаарын орон зайд нэвтэрсний дараа НАТО өөрийн зүүн жигүүрийн хамгаалалтыг зузаатгаж байгаа цаг үетэй дээрх үйл явдал давхцаж байна.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!