Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Огасавара Кэничи: Улаанбаатар метро төсөлд хамтран ажиллах боломжийг эрэлхийлж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Япон улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамны төлөөллүүд метро төсөл болон дрон ложистикийн тээвэр, 3D загвар боловсруулалт, тэдгээрийг авто замын хөдөлгөөнд хэрхэн ашиглах талаар Улаанбаатар хоттой хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийлжээ.

Япон улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамны Олон улсын төсөл хариуцсан дэд сайд Огасавара Кэничи “Улаанбаатар хотын дэд бүтцийн төслүүд тэр дундаа метроны төсөлд хамтран ажиллах боломжийг эрэлхийлж буйгаа онцлоод төр, хувийн хэвшлийн хамтарсан төслүүд нь Улаанбаатар хотын төдийгүй Монгол Улсын хөгжилд өндөр хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэдгээ илэрхийлсэн байна.

Ухаалаг хот судалгааны төслийн ахлагч, Хот байгуулалтын газрын менежер Михара Такү “Манай баг Азийн олон оронд ухаалаг хотын төслүүдийг хэрэгжүүлж ирсэн арвин туршлагатай.

Ялангуяа дрон ложистикийн тээвэр, 3D загвар боловсруулалт, тэдгээрийг авто замын хөдөлгөөнд хэрхэн ашиглах талаар Улаанбаатар хоттой хамтарч ажиллах хүсэлтэй байна” хэмээжээ.

Нийслэлийн удирдлагууд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар тэдэнтэй санал солилцож, дэд бүтцийн болон ухаалаг хотын төслүүдээ танилцуулжээ.

Толгойтоос Амгалан чиглэлд иргэдийг тээвэрлэх метро төслийн бүтээн байгуулалтын ажлыг найман их наяд төгрөгөөр гүйцэтгэх сонгон шалгаруулах эхний шатны тендерт Монгол, Солонгос, Англи, ОХУ, Франц, Энэтхэг, Хятад зэрэг долоон улсын 27 ААН оролцох хүсэлтээ илэрхийлж, материалаа ирүүлээд буй. Эдгээрийн дийлэнх буюу 11 нь Хятад, найм нь Өмнөд Солонгос, гурав нь манай улсын компани байгаа юм.