Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

С.Баярбилэг: 28 настай Т болон 29 настай С нар нь согтуурсан үедээ иргэний биед халдсан. Хар тамхи хэрэглэсэн эсэх тест авсан

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг болон “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат нарын хүүхдүүд хүн зодсон гэх мэдээлэл цахим сүлжээнд тархаад байгаа билээ. Уг хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас өнөөдөр мэдээлэл өгөв.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг "Энэ сарын 18-19-ний шилжих шөнийн 03:30 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо хүүхдийн 100 орчимд бусдад зодууллаа гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу харьяа цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтыг явуулж байна. 

Олон нийтийн цахим сүлжээнд улс төрийн хамаарал бүхий иргэдийн хүүхдүүд байсан талаар мэдээлэл явж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. 

Шалгалтын явцад 28 настай Т болон 29 настай С нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн С-ийн биед халдсан нөхцөл байдал тогтоогдсон. Мөн шалгалтын явцад хэрэгт авагдсан баримт нотолгоонд үндэслэж, бусдын биед халдсан байж болзошгүй хоёр иргэнийг давхар шалгаж байгаа. 

Энэ хэргийн тухайд хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн эсэх талаар цагдаагийн байгууллагаас журмын дагуу тест авч ажилласан. Одоогоор шалгалтын ажил явагдаж байгаа учраас эргээд мэдээлнэ. 

Хохирогчийн биеийн байдал муу байгаа бөгөөд эмнэлгийн байгууллагад эмчилгээ хийлгэж байна. Хэрэв камерын бичлэг байгаа бол мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтын хэмжээнд үнэлээд хурааж авах ажил хуулийн дагуу явна" гэв.