Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

207 дугаар байрыг нийслэлийн өмчит үйлдвэрийн газраар нураалгах шийдэлд хүрчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт газын дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгах ажлын явцын талаар албаны хүн мэдээлэл өглөө.

НЗДТГ-ын дарга Д.Амгалан "Өнгөрсөн онд болсон гамшиг ослын улмаас үүссэн үр дагаврыг арилгах зорилгоор БХБ-ын сайдын байгуулсан ажлын хэсгээс Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны 207 дугаар байрыг газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлт гарсан. Энэ дагуу НЗД-ын захирамжаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу тус байрыг нураах тендерийг гурав дахь удаагаа зарлаж амжилтгүй болсон. Тендер шалгаруулалтыг хуулийн хүрээнд зохион байгуулж байгаа ч оролцогчгүй учраас энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг нийслэлийн байгууллагаар нураалгах нь зүйтэй гэж үзэж байгаа.

Саяхан Европын Холбооны зээл, буцалтгүй тусламжаар Барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орж, нийслэлийн өмчит, аж ахуйн тооцоот газрыг байгуулсан юм. Уг газрын дүрэмд зарим барилгыг буулгах эрхийг зааж өгсөн. Барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр буюу нийслэлийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраар 207 дугаар байрыг нураалгах хууль эрхзүйн зохицуулалтыг бүрдүүлж, захирамжийн төсөл боловсруулж байна.

Нийслэлээс уг барилгыг буулгуулах гэж долоон сар шахам тендер зарлаж, амжилттай болоогүй. Суурин дээр барилга барих нь тодорхой. Барилгын зургийг Хот төлөвлөлт, судалгааны газар боловсруулж байгаа. Үүний дараа зураг, төсвийг эрх бүхий байгууллагаар магадлуулна" гэлээ.

Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгах зардал ₮2.4 тэрбум болох тооцоолол гараад буй.