Б.Одбаяр: Түгжрэл үүсгэхгүйн тулд төв зам дагуух карман зогсоолуудыг хааж байгаа

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Энхтайвны өргөн чөлөө буюу Саппорогоос Офицеруудын ордон хүртэлх замыг карман зогсоолгүй болгож байгаа тухай мэдээлсэн.

Энэ талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын дарга Б.Одбаяраас тодруулахад "Энэ онд нийслэлийн гол гудамжны замуудыг засварлан шинэчилж байгаа. Энэ хүрээнд Энхтайвны өргөн чөлөөний Саппорогоос Офицеруудын ордон хүртэлх авто зам бүрэн шинэчлэгдэнэ.

Засварын ажлын үеэр Энхтайвны өргөн чөлөөний авто замын нэгдүгээр эгнээгээр автобус зорчдог учраас зам дагуух автомашины зогсоол, автобусны буудлуудыг карман зогсоолгүй болгож байгаа. Хотын гол замын авто зогсоолоос тээврийн хэрэгсэл ухарч гарахдаа нэгдүгээр эгнээнд зохиомол түгжрэл үүсгэчихдэг. Зохиомол түгжрэл үүсгэхгүйн тулд геометр хэмжээсээр төлөвлөж, төв зам дагуух карман зогсоолыг хааж байгаа юм. Өөрөөр хэлбэл нийтийн тээврийн автобус авто замын нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчих боломж бүрдэх юм.

Түүнчлэн иргэд автобусны буудлын карман зогсоолын авто зам дээр алхаж байж автобусанд суудаг. Энэ нь тэдний хөдөлгөөний аюулгүй байдалд эрсдэлтэй.

Харин нийтийн тээврийн автобус карман зогсоолд урд, хойноо ороод зогсдог. Уг нь чиглэлийн тээврийн хэрэгсэл рейсийн дарааллаараа зогсох ёстой. Карман зогсоолгүй болгосноор эдгээр асуудал үүсэхгүй" гэж тайлбарлалаа.

Зам засварын ажлыг гүйцэтгэх зохион байгуулалтын тухайд "Иргэдийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд зам засварын ажлыг шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд гүйцэтгэдэг. Харин замын асфальтбетон хучилтыг Баасан гарагийн оройгоос хөдөлгөөнийг хааж, амралтын өдрүүдэд хийж байна.

Энхтайвны өргөн чөлөөний авто замын засварыг 2025 оны наймдугаар сарын 1-нээс өмнө бүрэн дуусгана" хэмээв.