Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах шийдэл болон нийслэлийн төсвийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин "Нийслэлийн төсвийн 80 гаруй хувийг том мега төслүүд эзэлж байгаа.
2024-2025 онд дэд бүтцийн холболтыг хийж дууссан тул ирэх жилээс орон сууцны барилгыг барих, эрчим хүчний шугамын ажил хийгдэнэ.
Туул гол дагуух хурдны зам болон бусад замууд орон сууцны хорооллуудыг барихад 2028 онд агаарын бохирдол 50% буурахаар харагдаж байгаа. 2026 онд Сэлбэ дэд төвийг ашиглалтад оруулснаар агаарын бохирдол 25-26% буурна гэж үзэж байна.
2027 онд Туул гол дагуух хурдны зам, уулзварын асуудал шийдэгдэхээр машины хурд 20-30% нэмэгдэж, зогсох машины тоо цөөрснөөр ялгаруулах хорт хий багасна. Автомашинаас гарч байгаа 28-30%-ийн агаарын бохирдлыг 20%-аар бууруулна гэж тооцоолсон.
Эдгээр том бүтээн байгуулалтыг гүйцэтгэхэд шаардлагатай санхүүжилт, хөрөнгө оруулалт, зээл, суурь судалгаа зэргийг хийж байна" гэж тайлбарлалаа.
"Сүүлийн жилүүдэд агаарын бохирдол өмнөх жилүүдтэйгээ ижил түвшинд байгаа бол хүхрийн хэмжээ нэмэгдсэн нь лабораторийн шинжилгээгээр нотлогдсон.
Харин сайжруулсан түлш хэрэглэснээр түүхий нүүрс түлж байсан үеийнхээс агаарын бохирдол 50-60% буурсан" болохыг тэрбээр хэлэв.
Нийслэлийн 2025 оны төсвийн суурь орлогыг гурван их наяд 226.4 тэрбум, суурь зарлагыг гурван их наяд 226.4 тэрбум төгрөг байхаар баталсан. Ингэхдээ төсвийн орлогын 85.9% буюу 3.3 их наяд төгрөгийг татварын орлогоор, 14.1% буюу 541.9 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор төвлөрүүлнэ гэж мэдэгдсэн билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!