Уншиж байна ...

"Органик барьцалдуулагч ашигласнаар шахмал түлш хөгцөрсөн байх магадлалтай гэсэн хариу гарсан"

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сайжруулсан шахмал түлшний чанар болон үйлдвэрлэлийн талаар Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин Төрийн ордонд сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

Тэрбээр "Засгийн газрын 2024 оны наймдугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор "Тавантолгой түлш" компани нийслэлийн мэдэлд шилжсэн. Ингэснээр нийслэлээс түлшний үйлдвэрлэлд анхаарах эрх зүйн боломжтой болсон. Өмнө нь нийслэлээс түлшийг тээвэрлэх, борлуулах, хадгалах, иргэдэд түгээх цэгүүдийг тогтоох зохицуулалтыг хийдэг байсан юм.

Харин одоо түлшний үйлдвэрлэлд шалгалт хийдэг болсон. Энэ оны дөрөвдүгээр сард шахмал түлшний баруун үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосон бол зүүн, төвийн үйлдвэр ажиллаж байна.

Хоёр үйлдвэр өдөрт 2,000-2,500 тонн түлш үйлдвэрлэж, түлшнээс өдөр бүр шинжилгээний дээж авдаг. Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газраас, Хими, химийн бодисын төв болон олон улсын итгэмжлэлтэй лабораторид түлшийг шинжлүүлж байгаа юм. Миддлинг болон шахмал түлшний стандартын дагуу шинжилгээг хийдэг. Одоогийн байдлаар зүүн үйлдвэрээс 170 гаруй, баруун үйлдвэрээс 160 гаруй, төвийн үйлдвэрээс 80 шинжилгээ авсан байгаа. Шинжилгээний хариугаар шахмал түлшний хүхэрлэг хий, тоосонцор стандартаас 1-2 дахин бага, илчлэг нь 1-2 дахин их гарсан. Энэ нь хэвийн гэсэн үг.

Нийслэлийн хэмжээнд найман агуулахад шахмал түлшийг хадгалж байгаа. Агуулахад стандартын дагуу хадгалалтыг хийдэг.

Фэйсбүүкээр шахмал түлш хөгцтэй байна гэсэн мэдээлэл гарч байсан. Энэ дагуу шинжилгээ хийлгэхэд уг түлш үйлдвэрлэгдээд 3-4 жил болсон буюу хадгалалтын горим алдагдсан газар байсан. Органик барьцалдуулагч ашигласнаар шахмал түлш хөгцөрсөн байх магадлалтай гэсэн лабораторийн шинжилгээний хариу гарсан.

Одоогийн үйлдвэрлэж байгаа түлшинд хөгцөрсөн тухай асуудал гараагүй.

Улаанбаатар хотын хэмжээнд шахмал түлшний агуулах түрээслэхэд жилд 16 тэрбум төгрөгийг зарцуулдаг" гэв.