Уншиж байна ...

Густав Климтийн сүүлчийн бүтээлийг Хонконгийн оршин суугч $32 саяар худалдан авчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Австрийн модернист зураач Густав Климтийн сүүлчийн бүтээлүүдийн нэгд тооцогддог уран зургийг өчигдөр буюу Лхагва гарагт Вена хотод үнэ хаялцуулан заржээ.

“Фролейн Лизерийн хөрөг” нэртэй уг бүтээлийн үнийг 28 сая еврогоос эхэлж дуудахад нэрээ нууцалсан Хонконгийн оршин суугч 30 сая еврогоор ($32 сая) худалдаж авсан байна.

Климт уг бүтээлийг нас барахаасаа нэг жилийн өмнө буюу 1917 онд Венийн нэгэн жүүд гэр бүлийн захиалгаар зурж эхэлж байжээ.

Тэрбээр 1918 оны эхээр зүрхний шигдээсээр нас барахад багахан хэсгийг дутуу үлдээсэн хөргийг захиалагчид нь хүлээлгэн өгсөн байна. Лизерийн гэр бүлийн гишүүдийн хэний хөрөг болох нь одоо болтол тодорхойгүй байдаг.

Лизерийнхэн 1930 онд Австриас дүрвэхдээ эд хөрөнгийнхөө нэлээд хэсгийг алдсаны нэг нь уг хөрөг байжээ. Австрийг 1938 онд Нацист Герман өөртөө нэгтгэж байв.

зураг
 

1925-аас 1960-аад оны хооронд “Фролейн Лизерийн хөрөг” зурагт юу тохиолдсон талаар мэдээлэл хомс байдаг.

Ямартай ч зургийг өчигдөр одоогийн эзэмшигч нь болон анх захиалсан гэр бүлийн хос болох Адольф болон Хенритте Лизер нарын хууль ёсны өв залгамжлагч нар хамтран дуудлага худалдаанд оруулсан байна.

Тэд Нацистуудын дээрэмдсэн урлагийн бүтээлүүдийн анхны эзэмшлийг сэргээхтэй холбоотой 1998 онд гарсан “Washington Principles” хуулийн дагуу дуудлага худалдааны орлогыг хуваалцахаар тохиролцсон бололтой.

Густав Климтийн хөрөг өчигдөр Австрийн урлагийн бүтээлийн дуудлага худалдааны хамгийн дээд үнийг шинэчлэн тогтоожээ.

2010 онд 17 дугаар зууны Бельгийн зураач Бага Франс Франкений бүтээл 7 сая еврогоор зарагдсан нь өмнөх дээд амжилт болж байсан байна.

 

Эх сурвалж: Associated Press