Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батжаргал: Даншиг наадам бол Монголын бөхчүүдтэй танилцаж, туршлага солилцох том боломж

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 8 сарын 5
iKon.MN

"Даншиг наадам-Хүрээ цам" наадмын хүчит бөхийн барилдаан Хүй долоон худагт өнөөдөр эхэллээ. 

Тус наадмын Үндэсний бөхийн барилдаанд 256 бөх сугалаагаар барилдаж байгаа юм. Мөн Өвөр Монголын 64, ОХУ-ын Буриад улсын 64 бөх барилдаж байна. 

Үүнд оролцохоор Өвөр Монголоос 18, Буриадаас гурван бөх иржээ. Тус хоёр төрлөөр заавал 64 бөх барилдах ёстой. Тиймээс манай улсын бөхчүүд Өвөр Монгол, Буриад бөхийн барилдаанд нөхөж оролцохоор болжээ.

Даншиг наадмыг зорин ирсэн Өвөр Монгол, Буриадын бөхчүүдээс сэтгэгдлийг нь сонслоо. 

"Би Өвөр Монголынхоо 1,024 бөх барилддаг наадамд дөрвөн удаа түрүүлж, хоёр удаа үзүүрлэсэн"

зураг
 

Өвөр Монгол бөхийн аварга Б.Батжаргал "Өвөр Монголоос 18 бөх ирж оролцож байна. Миний хувьд анх удаа даншигт зодоглож байна. Би Өвөр Монголынхоо 1,024 бөх барилддаг наадамд дөрвөн удаа түрүүлж, хоёр удаа үзүүрлэсэн. Ер нь залуу бөхчүүдтэйгээ ирсэн болохоор сайхан хүч үзнэ. 

Энэ наадам бол Монголын бөхчүүдтэй танилцаж хамтран туршлага солилцох том боломж юм. Манайд иймэрхүү шашны даншиг наадам болдоггүй. Монгол бөхчүүдтэй барилдааны дүрэм таардаггүй. Гэхдээ 64 бөхийн барилдаан Өвөр Монгол бөхийн дүрмээр зохион байгуулагдана гэсэн. Тиймээс сайхан наадах болно" хэмээн ярив. 

"Энэ даншиг наадмын шашны зан үйлийг харах сонирхолтой байлаа"

зураг
 

Харин Буриад улсын бөх Б.Вандан "Энэ жил манай улсад наадам их болж байгаа учир цөөхөн бөх ирлээ. Буриад бөхийн дүрэм ихээхэн онцлог. Жишээлбэл гуталгүй, цээж нүцгэн, гэдсээрээ бүстэй барилддаг. Нэг утгаараа өөрийн бөхийн соёлыг энэ наадмын үеэр түгээж байна гэсэн үг. 

Анх удаа Монголд ирж барилдаж байгаа учир сэтгэгдэл өндөр байна. Энэ даншиг наадмын шашны зан үйлийг харах сонирхолтой байлаа. Монголын наадамчин олондоо сайхан наадаарай гэж хэлье" хэмээн ярилаа.