Мод тарина гэдэг бол хэн дуртай хүний хийх ажил биш.
Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны хүлэмжийн аж ахуй, цагаан идээ боловсруулах арга болон тэдний мод тарих, ургуулах туршлагыг сурвалжлахаар Хөх хотыг зорьсон юм.
"Чийг сайтай байвал мод өндөр ургана. Гэхдээ чийгийг тогтмол хадгалах нь чухал. Нэг удаа услаад орхиод явж болохгүй. Тиймээс ч Хөх хотод модны усалгаа, арчилгааг тогтмол хариуцсан мэргэжлийн хүмүүс ажилладаг" хэмээн нутгийн тариаланч хэлсэн юм.
Хятадын Жинань, Эрээн болон Өвөр Монголын Хөх хот, Ордос, Дөрвөд хошуунд дөрвөн жил гаруй хугацаанд мод тарьсан ойн аж ахуй эрхлэгч иргэний туршлагыг уншигч Танд хүргэж байна. Хамгийн чухал алхам бол нарийн төлөвлөгөө, үе шат, уялдаа холбоотой ажиллах арга барил гэдгийг яриандаа онцолж байв.
Мод тарьж, арчлах талаар тэрбээр дараах мэдээллийг өгсөн юм.
Мод тарихад бүхэл бүтэн баг ажилладаг бөгөөд маш хариуцлагатай, нягт нямбай хандах нь чухал. Ингэхдээ тодорхой дараалал, үе шат, систем гаргана.
Хамгийн эхэнд газрын хөрснөөс шинжилгээ авдаг. Өөрөөр хэлбэл энэ газарт мод ургах уу, үгүй юу гэдгийг тодорхойлно. Хөрсний дээжээр нь ямар төрлийн мод таривал тохиромжтойг ч мэдэх боломжтой.
Хэдийд ямар төрлийн модыг хэрхэн яаж тарих вэ гэдгээ нарийн төлөвлөж, системээ тус бүрд нь гаргаж ажилладаг. Мод тарих боллоо гэхэд нүхээ хэзээ ухахаа ч тодорхой болгоно. Жишээлбэл манай компани 1,000 мод тарихаар боллоо гэвэл усалгаа нь хэзээ, хэдий хугацаанд орж ирэх ёстойг давхар тооцож ажлаа ар араас нь хөөгөөд явдаг.
Хөрсний шинжилгээ хийснийхээ дараа нүхээ ухна. Хувь хүмүүс өөрсдөө очоод нүх ухаж, мөчир суулгаад орхидог биш тодорхой стандартын дагуу ажил хийгдэнэ.
Тэр талбайд ийм төрлийн мод тарих учраас нүхээ тэдэн сантиметр ухвал зохино гэх мэтчилэн нарийн аргатай. Модоо суулгасныхаа дараа бордоог нь яаж хийх зэрэг бүх ажил төлөвлөгөөний дагуу явагддаг.
Мод тарихдаа хөрс, сууринаасаа эхлээд л алдвал цааш ургах боломжгүй.
Хувь хүмүүс очоод ухвал зарим нь гүн, зарим нь өнгөцхөн нүх болчихдог. Жишээлбэл нарс мод тарих гэж байж нүхийг нь метр ухвал, эсвэл харгана тарих гэж байж 10-хан сантиметр хонхойлгоод орхивол ургаж чадахгүй. Ийм учраас мэргэжлийн компаниуд хариуцаж, ямар төрлийн мод тарихаа тодорхойлсноор түүндээ таарах нүхийг ухдаг.
Хамгийн гол нь энэ бүхэн эргээд хяналттай.
Аль хэдийн дөрөв, таван метр өндөр ургасан модыг суулгадаггүй. Олон жил мод тарьсан хүний хувьд хэлэхэд өндөр ургасан мод суулгавал буцаад амилахгүй л болов уу.
Хятадад ихэвчлэн үрсэлгээний мод тарьдаг. Дээд тал нь метр 20 сантиметр ургасан мод суулгадаг бөгөөд үүнээс дээш өндөр байвал тарьдаггүй. Түүнчлэн мод нь хөрсөндөө таарна, таарахгүй гэх мэтчилэн нарийн зүйлс их бий.
Үрсэлгээг нь тарихдаа суваг татдаг. Төө хүрэхгүй шилмүүс шиг нарийхан үрсэлгээ тариад гурван жилийн дараа очих үед 20-40 сантиметр болж өсөөд мөчрүүд нь гарчихсан байдаг. Бас тэндээсээ авч, үрслүүлж болно.
Энд хоёрдугаар сарын сүүлч болоход л модны үрсэлгээгээ тариад эхэлчихдэг.
Жишээлбэл, зургаадугаар сарын 1-ний өдөр тухайн талбайд 1,000 мод суулгана гэж төвлөлөө. Төлөвлөгөөний дагуу 3-4 бригад тухайн талбай руу ороод 1,000 модоо суулгаад гарахад, араас нь зургаадугаар сарын 6-10-ны хооронд ч юм уу усалгааны баг орж ирнэ.
Яг товлосон цагт усалгаа орж ирэх учраас бид модоо хугацаандаа тарьсан байх ёстой. Хэрэв энэ хугацаанд модоо тарьж дуусаагүй байвал торгуультай.
Бидний бүх ажил тодорхой хугацаатай байдаг. Ажил үүргээ хуваарийнхаа дагуу явуулаагүй бол бусдадаа чирэгдэл учруулдаг. Хэрэв тогтсон цагтаа модоо тарьж дуусгаагүй бол араас орж ирэх усалгааны баг сахиад зогсчихдог. Нарийн систем гэдэг бол энэ.
Анх төлөвлөснийхөө дагуу модоо тарьж чадаагүй бол торгууль оногдуулдаг. Долоо хоногийн дараа ирээд дахин шалгая гэсэн ойлголт байхгүй. Асуудлыг газар дээр нь шууд шийддэг. Бүр ажиллах эрхийг нь хасах эрсдэл бий.
Ингэж торгуулж байсан тохиолдол ч гарч байлаа. Манай компани 1,000 мод тарих төлөвлөгөөтэй байсан ч, ажлаа тогтсон цагтаа 50 хувьд нь хүргэж чадаагүй. Тухайн үед 600 мод л тарьсан байсан байх. Ингээд хоёр, гурван хоногийн ажил алдагдсан гэж торгуулсан.
2-3 хоногийн ажил алдлаа гэж монгол мөнгөөр зургаан сая гаруй төгрөгөөр торгосон.
Модны усалгааг тусдаа өөр компани хариуцдаг. Бид төлөвлөсөн модоо тарьж дуусгаагүй. Гэтэл усалгаа араас нь хөөгөөд ороод ирсэн. Усалгаа хариуцсан хүмүүс нь давхар хугацаатай учраас "Энд мод тарих үйл ажиллагаа бүрэн явагдаагүй байна" гэдгээс л асуудал үүссэн.
1,000 модоо гурван хоногт хөөгөөд тарилаа гэхэд нөгөө усалгаа нь буцаад л араас ороод ирнэ. Энэ мэтчилэн ажиллаж, мод тарих үйл ажиллагаа дуусаад дараагийн алхам руу өөр компани шилжинэ.
Эхний усалгааны дараа модонд гурван талаас нь тулгуур хийж, хүлж бэхэлдэг. Усалснаас хойш хэдэн өдрийн дараа хөрс нь хагарна. Ийнхүү хагархай болсон хөрсийг тусгай багаж ашиглаж тэгш болгоно. Хөрсний хагархайгаар хаталт явагддаг учраас бүгдийг нь дарах шаардлагатай.
Мөн ердийн усалгаа явагдана. Хятадад бороо маш ховор ордог. Бараг л ордоггүй гэж хэлж болно. Ялангуяа Эрээн, Хөх, Ордос руу бороо нэг их ороод байдаггүй.
Усалгааны баг 10 тонны устай машинаар талбайг байнга услаад явж байдаг. Энэ модыг тэд дэх өдөр усална гээд төлөвлөсний дагуу ажил явагдана.
Усалгаа хийгдсэний дараа модны эмчийн ажил эхэлнэ. Энэ модонд ямар бордоо хэрэгтэй, ямар төрлийн эрдэс бодис дутагдсаныг шинжилж, зааварлана.
Жишээлбэл хүнд дусал, шингэн залгадагтай адил аргаар эмчилдэг. Модны навч шарлаад л эхэлбэл ямар дусал, шингэн хийхээ тодорхойлоод шууд дуудлага өгөөд хэлнэ. Дусал хийж эмчилдэг компани нь бас ондоо. Нахиа нь бага зэрэг шаргалтаад л ирвэл доод хөрс рүү нь ч юм хийж харагддаг. Үүнийг хөрс шинжилдэг хүмүүс сайн мэднэ. Дуслыг бол их хийнэ. Дээр хэлсэнчлэн мод болгон чухам юунаас болж өвчилсөн, ямар эрдэс дутагдсаныг тусгай модны эмч нар мэднэ.
Модыг 95 хувиас доош ургуулбал хариуцсан компани нь хариуцлага хүлээж, торгуулдаг. Тиймээс зохион байгуулалт нь маш өндөр. Жилдээ ганц удаа бүх нийтээр мод тариад л өнгөрдөггүй. Ажлыг нэг өдөр алдахад л торгоно.
Хятадын газар нутагт ямар нэгэн бүс, хороолол эсвэл уулын өвөр, араар мод тарина гэсэн шийдвэр, тушаал гарсан л бол тэнд байгаа айл, өрхийг шууд нүүлгэнэ. Өөрөөр хэлбэл тухайн айлын газар мод тарих талбайд орсон бол шууд нүүдэг.
Газрын зөвшөөрөл гэх мэтчилэн нарийн мэдээллийг нь сайн мэдэхгүй байна. Ганцхан үлддэг газар нь "үлдэх зай" байдаг. Оршуулгын газрыг хувь хүн урьдчилаад мөнгөө төлөөд худалдаад авчихсан байдаг учраас тэнд хэзээ ч мод тарьдаггүй.
Оршуулгын улсдаа тушаагдсан бичиг нь л гарсан байвал "үлдэх зай" гэдэгт хэзээ ч мод тарьж болдоггүй. Тухайн газарт мод тарих тушаал гарсан бол байшин, барилга хамаагүй түрж буулгаад ажлаа үргэлжлүүлнэ гэдгийг ойн аж ахуй эрхлэгч тайлбарлав.
Мод тарихад мөнгө хэрэгтэй. Мөнгө авлаа гэхэд зарцуулалтыг нь хянах хяналт шаардлагатай. Эргээд хяналтгүй бол мөнгө ч байхгүй, мод ч үгүй хоцорно шүү дээ.
Хариуцсан компани нь ажлыг ягштал биелүүлнэ. Үүнээс гадна сэтгэл гаргах нь чухал.
Сэтгэл байхад мод ургана.
Нэг мод тариад түүнийгээ болчихлоо гэж санаад дахин арчлахгүй хаядаг үзэгдэл байж болохгүй. Энэ мод яг л миний гэр бүлтэй адил гэж хандах хэрэгтэй. Гэр бүлийнхээ гишүүдийн тоонд оруулаад л хүүхэд шигээ асарч тойлно гэсэн үг. Энд мод тарьж байгаа хүмүүс ч ийм сэтгэлээр ажилладаг.
Тиймээс ч мод тарих бодлого хатуу чанга, хариуцлагатай байх нь чухал гэдгийг ойн аж ахуй эрхлэгчид онцолж байлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
|