Зураг
Зураг
Индэр    
2023 оны 6 сарын 19
Зураг
iKon.mn сэтгүүлч

СУРВАЛЖИЛГА: Жилийн ₮60 тэрбумын борлуулалтын орлоготой Хөх хотын СҮҮНИЙ ҮЙЛДВЭРийн ТУРШЛАГА

Зураг

"Бусдын амьдралыг бид сүү шиг амтлаг болгохыг хүсдэг" хэмээн ярих залуу ӨМӨЗО-ны Хөх хотын сүү, сүүн бүтээгдэхүүний нэгэн томоохон үйлдвэрт өөрийн мэдлэг чадвар, сэтгэл, зүтгэлээ зориулаад дөрвөн жил болжээ. 

Түүнтэй адил 40 орчим залуучууд тус үйлдвэрт ажиллаж буй. Байгуулагдаад дөрвөн жил болж буй тус үйлдвэрийн хашаанд оффисын барилга болон үйлдвэр хоёр зэрэгцээ байрлажээ. Үйлдвэрийн ажилчдын зарим нь амралтын өдрөөр ээлжид гарч байв. Цагаан халаад, малгай, бээлий өмсөж ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг сайн мөрдөж байгаа харагдана.

Тэдний хувьд сүүгээр бүтээгдэхүүн хийх нь аль хэдийн дадаж сурсан ажил болжээ. Дулааны хэмжээг тохируулдаг, өрөм болон бүтээгдэхүүн хийдэг, жимс холих, савлах тасаг гэж байдаг аж. Хүн бүр өөр өөрийн тасагтаа шаргуу ажиллаж зарим нь зогсоогоороо бүтээгдэхүүн савлана. 

"Бид аль болох хүний үйл ажиллагааг хялбаршуулж, бүтэн автоматжуулсан үйлдвэр болохоор зорьж буй" хэмээн үйлдвэрийн захирал онцолж байлаа. Тус компани нь сүүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна махан бүтээгдэхүүн, ундаа, савласан хоол, задгай хүнсний бөөний болон жижиглэн худалдааны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

 "Үйлдвэрлэгч нар бүтээгдэхүүндээ анхаарч, тусдаа борлуулалтын компанитай хамтардаг"

зураг
 

Харин бид энэ удаад сүүн бүтээгдэхүүн тэр дундаа сүүгээр хийсэн төрөл бүрийн чихрийн цуглуулгыг онцолж байна. Өвөр монголчуудын хувьд БНХАУ-д сүүний үйлдвэрлэлээрээ тэргүүлж байна. Сүүний аж үйлдвэрийн өртөг нь 200 тэрбум юаниас давжээ. 

Сүүгээр хийсэн чихрийг 12 сар хадгалах боломжтой. Чихрийн цаасыг сайн материалаар хийх шаардлагатай байдаг аж. Сүүгээ нунтаглаад түүнийг хэлбэрт оруулан улмаар машинаар дардаг байна.

Тэдний борлуулалтын арга, бизнес загвар нь бидний сонирхлыг ихэд татсан юм. Учир нь үйлдвэрлэгч нар бүтээгдэхүүнээ л үйлдвэрлэнэ. Харин тусдаа өөр нэг компани борлуулалтын үйл ажиллагааг нь хариуцдаг байна. "Энэ нь бидний ажлыг харилцан ашигтай болгож чаддаг.

Учир нь бид бүтээгдэхүүнээ борлуулахад зэрэг анхаарвал чанартай олон тооны бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй. Борлуулалтын компанитай хамтарч ажилласнаар ажлын байр бий болгож байгаа. Ингэснээр нийгэмд эерэг нөлөө үзүүлж байгаа гэж дүгнэж байна" хэмээн тус үйлдвэрийн төлөөлөл онцолж байлаа. 

Түүнчлэн захиалга өгсөн хэмжээгээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Илүү хэмжээгээр үйлдвэрлэдэггүй байна. Улмаар захиалсан хот руу нь хүргэлтээр бүтээгдэхүүнээ явуулж, худалдан авагч нар нь зах дэлгүүрт худалддаг аж. 

"Өдөрт 9,000 килограмм чихэр үйлдвэрлэдэг"

зураг
 

Өөрөөр хэлбэл үйлдвэр болон худалдааны компани хамтарснаар харилцан ашигтай хэлхээ холбоог бий болгож чаджээ. Үйлдвэрлэл эрхлэгчийн хувьд зөвхөн бүтээгдэхүүнээ л сайн үйлдвэрлэнэ. Харин тухайн бүтээгдэхүүнийг хүмүүст хүргэх, хэрэглэгчийг татах, борлуулалтын ажлыг тусдаа компани хариуцдаг байна. Өдөрт 9,000 килограмм чихэр үйлдвэрлэж, жилийн борлуулалтын орлого нь 45-60 тэрбум төгрөгт хүрчээ. 

Бүтээгдэхүүний үйлдвэрийн талаар "Сүүний бактерийг нь устгавал хагас жил, хүний биед хэрэгтэй бактерийг нь үлдээснийг нь 28 өдөр хадгалдаг. 28 өдөр хадгалж болох бүтээгдэхүүнийг хийхдээ сүүгээ 85-100 градусын хооронд халаагаад хий оруулахгүйгээр боодог. Сүүний чиглэлийн үйлдвэрлэл эрхлэхэд улсаас зээл авч болно. Гэртээ эсвэл төрөл садантайгаа нийлээд өрхийн үйлдвэрлэл эрхлэгч нар олон байдаг. Малчид сүүгээ улсын үйлдвэрт авчирч худалдаж болно. 

Ургамлын тос, үнээний сүүний нунтаг, цагаан чихэр, өтгөрүүлсэн сүү зэргээр чихэр үйлдвэрлэдэг. Сүүн чихэр, нимгэн ааруул, хурууд, Өвөр Монголчуудын онцлогийг харуулсан бүтээгдэхүүнийг Хятад улсын иргэдийн амтын таашаалд нийцүүлэн үйлдвэрлэж байна.

Бидний үйлдвэрлэж буй чихэр кальц, уураг ихээр агуулагддаг. Элсэн чихэр нэмэлт бодис бага байх тусам сайн чанарын чихэр үйлдвэрлэж чадна. Бид бусдын амьдралыг сүү шиг амтлаг болгохыг хүсдэг" хэмээн үйлдвэрийн ажилтан ярилаа. Нэг килограмм чихэр хамгийн хямд нь 36 юанийн үнэтэй зарагдаж байв. 100 орчим юанийн үнэтэй чихэр ч бий аж. 

"Зургаан улсад 130 орчим салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна"

Хөх хотын өөр нэгэн сүүний үйлдвэр гэхэд зургаан улсад 130 орчим салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна. Анх 30-50 хүн ажилладаг байсан Хотон үндэстний сүүний үйлдвэрийг өргөжүүлж, тус үйлдвэрийн өнөөгийн суурь тавигджээ. Тэд сүүний үйлдвэрлэлээр дэлхийд тавдугаарт ордог бөгөөд ойрын хугацаанд энэ амжилтаа ахиулж, гуравдугаар орох зорилт дэвшүүлжээ. Нэг ээлжид 128 хүн ажиллаж, 40 орчим төрлийн чихэр үйлдвэрлэж байна. Шингэн сүүний үйлдвэрт 150 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж. Одоогоор тус үйлдвэр 40 хүн ажиллаж байна. Хүний оролцоог багасгаж, тоног төхөөрөмжөө сайжруулснаар бүтээмж нь илүү нэмэгджээ. 

зураг
 

Сүүг шоколад, манго, банан, анар зэрэг бүх төрлийн жимсээр баяжуулан бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Түүнчлэн саримстай сүү хүртэл байдаг аж. 

Хуурай сүү, ундаа, зөөлөн ааруул, чихэр үйлдвэрлэдэг аж. Нэг цагт 472 мянган литр сүү боловсруулдаг. Хуурай сүү гэхэд дотроо настай хүний, хүүхдийн, жирэмсэн эмэгтэйн уух зориулалттай гэсэн ангилалттай байдаг. Тус үйлдвэрт 100 мянган хүн ажиллаж байгаагаас 400 нь Монгол ажилтан байдаг аж. Тус хотод сүүний үйлдвэрлэл, уул уурхай, мал аж ахуйн салбар сайн хөгжжээ. 

Гурван төрлийн сургалтад ажилтнаа хамруулдаг

  1. Компанийн
  2. Ажилчдын тасгийн 
  3. Хувь хүний хөгжлийн гэсэн сургалтууд байдаг. 

Хөх хотод хүнгүй тоглоомын дэлгүүр, зочид буудал, хүнсний дэлгүүр бий болжээ. Зөвхөн үйлдвэрээс гадна үнээний сүүгээр малчид 100 гаруй төрлийн бүтээгдэхүүн хийдэг байна. Тухайлбал, сүүгээр болон шар сүү, шар будаагаар хийсэн чихэр Хөх хотын худалдааны төвүүдэд элбэг байх аж. 

БНХАУ-аас сүүний аж үйлдвэрийг сэргээн хөгжүүлэх бодлого арга хэмжээг хэрэгжүүлж байна. Сүүний үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэхэд жил бүр тодорхой төсвийг баталж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байгаа аж. 

ӨМӨЗО-ны Хөх хотоос хүлэмжийн аж ахуйн талаар бэлтгэсэн өмнөх сурвалжилгыг уншихыг хүсвэл ЭНД дарна уу. 

ФОТО