Зураг
Зураг
Индэр    
2023 оны 6 сарын 13
Зураг
iKon.mn сэтгүүлч

Хөх хотын тэмдэглэл: Хүлэмжийн аж ахуйг амжилттай эрхэлж, хүнсний ногоогоо ашигтай худалдаж буй ТУРШЛАГА

Зураг
Хөх хот

Тоорын модны дэргэд хоёр жаал хүү зогсоод, зураг татуулангаа гартаа усан үзэм, бас нэг жаахан бөөрөлзгөнө атгажээ. Харин тэдний эцэг эх нь өөр нэг хүлэмж дотор хүнсэндээ хэрэглэх ногоогоо түүж яваа. Зарим нь ширээ тойрон суугаад, мах шарж, дөнгөж саяхан хүлэмжээс түүсэн шинэхэн ногоо болох өргөст хэмх, хаш, улаан лоолийг хачир болгон амтархан хэрэглэж байгаа үзэгдэнэ. 

Энэ бол ӨМӨЗО-ны Хөх хотын баруун талд орших нэгэн хүлэмжийн аж ахуйн дүр зураг. Хотын иргэд амралтын өдрөөр тус хүлэмжийг зорьж, баталгаатай, чанартай хүнсний ногоогоо итгэл даах хүнээсээ ийнхүү худалдаж авдаг. Энэ нь тэдэнд хамгийн итгэлтэй, таатай байхаас гадна амьдралыг нь илүү жаргалтай болгодог бололтой. "Сайн хүнсний ногоо дэлгүүр, худалдааны төвд очдоггүй" хэмээн бидний зорьж очсон тариаланч онцолсон юм. 

Ингээд БНХАУ-ын Хөх хотод хүлэмжийн аж ахуй хэрхэн хөгжиж буй талаар сурвалжилснаа хүргэж байна.


Тус хотын хүлэмжийн аж ахуй эрхлэгчид нь ихэвчлэн хотынхоо баруун талд төвлөрчээ. Хүлэмж бүрийн хажууд жижигхэн байшин байх бөгөөд тэндээ амьдардаг байна. Хөх хотод ойролцоогоор 20 мянга орчим хүлэмж бий. Тэдний ихэнх нь арваад төрлийн ногоог дөрвөн улирлын турш тарьж ургуулж байна. Голдуу улаан лооль, өргөст хэмх, халуун чинжүү, хаш зэргийг тарьдаг аж. 

"Хүлэмжийн ажил нягт нямбай учир залхуурч болохгүй"

зураг
 
Хөх хот

"Хүнсний ногоо тарихдаа химийн бордоо хэрэглэвэл амтгүй бас чанаргүй болно. Тэр дороо л хэрэглэгчдээ алдана.

Хүний газрыг түрээсэлж буй хүмүүс хайхрамжгүй хандаж химийн бордоо хэрэглэх тохиолдол бий. Дараа жил нь ногоо ургахгүй бол өөр газар олоод түрээсэлнэ гэдэг утгаараа ингэж ханддаг байх. Харин Монголд бол өөр байх боломжтой шүү дээ. Тэд бүгд өөр өөрсдийн өмчийн газартай. Тийм болохоор өөрийн газрын хөрс шороогоо хайрлаж, хамгаалж хүнсний ногоогоо тарих хэрэгтэй. Хүмүүс үзэл санааны төвшнөө дээшлүүлэх нь чухал" хэмээн бидний эхэнд зочилсон хүлэмжийн аж ахуй эрхлэгч ярьж байв. 

Хүлэмжийн аж ахуй эрхлэхэд дөрвөн хүн чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үздэг. 

  1. Чадвартай тариаланч
  2. Техникийн мэргэжилтэн
  3. Зохион байгуулагч
  4. Борлуулалтын ажилтан зэрэг мэргэжил чухал. 

Хүнсний ногооны үрсэлгээг ямар үед шилжүүлж, хэр зэрэг усалж, хэрхэн тарихыг тариаланч, техникийн мэргэжилтэн хамтарч шийднэ. Хүлэмжийг арчлах, ямар үүлдрийн ногоог хэрхэн тарих, яаж худалдахыг зохион байгуулагч хариуцдаг. Хүнсний ногоог хэрхэн борлуулах ажлыг борлуулалтын ажилтан мэднэ. Хүнсний ногоог сайн тарихын тулд урьдчилан бодож, төлөвлөх хэрэгтэй.

Хүнсний ногоог сайн тарихын тулд: 

  1. Өөр газар тарьж ургуулсан хүнсний ногоо танай орны уур амьсгалд зохицох эсэхийг судлах
  2. Бойжуулж сурах. Үрсэлгээг суулгаж, шилжүүлэн цэцэглүүлж, жимс хүнсний ногоогоо хурааж авах хүртэлх процессод суралцах
  3. Бордож сурах. Суурь, шингэн болон навчны гадаргуу дээр шүрших бордоог ашиглах
  4. Ургамал хамгааллыг судлах. Өвчлөлөөс сэргийлэх, түүний хор хөнөөлийг эмчлэхэд суралцах учиртай. 

"Хөрсний дулаан болон чийгийг хамгаалах хэрэгтэй. Зарим хүн би хүлэмжид ногоо тарьж чадах болов уу гэж сонирхон асуудаг. Өөрөө л зориод хийе гэвэл чадахгүй зүйл үгүй гэж би хариулдаг. Гэхдээ хүлэмж бол үнэхээр нягт нямбай ажил. Тиймээс залхуурч болохгүй. БНХАУ-ын зүг бүрд өвлийн болон зуны олон янзын хүлэмж бий. 

Олон жил хөрш зэргэлдээ амьдарч ногоо тарьсан хүмүүс төрөл саднаас ялаагүй болдог" хэмээн тариаланч ярилаа. 

"Нэг айлаас жилд 3,000 юань авч, дунджаар 15 айлын ногоог тарьдаг"

зураг
 
Хөх хот

Хүнсний ногоо, жимсээ амжилттай худалдаж буй аргууд: 

  1. Гишүүнчлэл бий болгох
  2. Хүлэмжээс шууд худалдааг зохион байгуулах
  3. Борлуулалтын компанитай гэрээ байгуулж ажиллах

Гишүүнчлэлийн тухайд нэг айлаас жилд 3,000 юань авч, дунджаар 15 айлын ногоог тарьдаг байна. Эдгээр гишүүнчлэлтэй хүмүүс амралтын өдрөөр эсвэл өөрийн боломжтой цагтаа хүлэмжээс очиж ногоо авангаа амарч тухалж болдог. Өөрөөр хэлбэл хүүхдүүддээ хүнсний ногоо хэрхэн тарьдгийг үзүүлж, өөрсдөө ч бас хүлэмжийн тохижуулсан тодорхой хэсэгт тухлангаа мах шарж, шар айраг ууж болно. Гишүүнчлэлтэй хүмүүс долоо хоногийн аль ч өдөр хүлэмжид очиж болно. Улмаар өөрийн даах хэмжээгээр хүнсний ногоогоо хүлэмжээс аваад буцдаг байна. 

Сайн хүнсний ногоо дэлгүүр, худалдааны төвд очихгүй дуусдаг

Тариаланч "Миний хувьд эдгээр мөнгөө өгч, гишүүнчлэл авсан хүмүүсийн ажилтан гэсэн үг. Хүлэмжийг нь харж, ногоогоо сайн ургуулж байгаа юм. Хүлэмжийн түрээст жилд 6,000 юань төлдөг. Энд ихэвчлэн дөрвөн улирлын хүлэмж бий. Үрсэлгээг мөн сайн ургуулж байна. Хүлэмжийн ажил хэтэрхий хүнд биш ч огт дуусдаггүй. Би хоёр мү (1 га газар нь 15 мү-тэй тэнцэнэ) газарт ихэвчлэн өргөст хэмх, улаан лооль, хаш тарьж байна. Хүнсний ногоог тарихад ухсан газрын гүнийн хэмжээ жигд байх ёстой. Улаан лооль хоёр сар, өргөс хэмх 30 хоног, хаш 70 өдөр, чинжүү 60-70 өдөрт болц нь гүйцдэг. Нарийн ногоог зун 20 өдөр, өвлийн цагт 40 өдөрт тарьдаг.

Сайн хүнсний ногоо дэлгүүр, худалдааны төвд очихгүй дуусдаг. Тийм болохоор Бээжин, Хэбэй муж зэрэг газраас хүнсний ногоо татаж авчирч худалддаг. Төмс, байцаа, лууван зэргийг том машинаар ачиж авчирч байна" хэмээв. 

Харин дараагийн нэг борлуулалтын арга нь хэрэглэгчдийг татаж, өөрийн хүлэмжийн аж ахуйгаар зочлуулах юм. Тэдний хувьд амарч зугаалангаа өөрсдийн авахыг хүссэн хүнсний ногоо, жимсээ хүлэмжээс түүж авдаг. Хүүхдүүдээ найзтай болгох, хүнсний ногоог яаж тарьж ургуулахыг ойлгуулах нь нэг талаас танин мэдэхүйн хичээл болно. 

Хүлэмжийн ногоо ихэвчлэн савлахаас өмнө зарагдаад дуусдаг аж. Хотын төвөөс хүлэмжийн аж ахуй нь хол биш болохоор хүмүүс ногоогоо очоод худалдаад авчихдаг байна. 

Хотод хүүхдийн тоглоомын газарт хүүхдээ тоглуулснаар ийш тийшээ уначих болов уу гээд хүмүүс зүдэрдэг. Харин хүлэмжид ирснээр хүүхдүүд аюулгүй орчинд тоглож, бие биетэйгээ дотно нөхөрлөх боломжтой аж. Энэ хугацаанд ээж, аав нь сэтгэл амар байж, тухалж чаддаг. Хүүхдүүд хүнсний ногоо тарих аргаас давхар суралцдаг байна. Гишүүнээр элссэн хүмүүс хүлэмжээс хүнсний ногоо худалдаж авахаар амралтын өдөр ихэвчлэн ирдэг байна. 

"Мөн өөр намайг сайн таньдаг хүмүүс ч зорин ирнэ. 500 грамм нарийн ногоог 10 юаниар худалдаж байна. Бүх ногооноос холиод нэг уутанд хийж авч болдог. Өргөст хэмхийг оройн хоолондоо идвэл хүүхдийн өсөлтөд нөлөөлдөг гэж үздэг. Жимс жимсгэнэд хүүхдүүд мөн дуртай" гэж тариаланч хэлсэн юм. 

Түүнчлэн тусгай борлуулалтын хүмүүс, компанитай гэрээ байгуулж хүнсний ногоо, жимсээ худалдаж болдог. Эдгээр борлуулалтын хүн нь ихэвчлэн үдээс хойш 17:00 цагийн орчимд хүлэмжээс ногоо худалдан авч, хотын хүнсний ногооны захад худалдана. 

Хүлэмжийн аж ахуйгаасаа хүнсний ногоогоо шууд худалддаг хавар намрын долоо, өвлийн 11 хүлэмж дээр ажилладаг Өвөр Монгол залуугийн аж ахуйгаар дараа нь зочиллоо. Түүний хувьд сэтгүүлч мэргэжлээр их сургуульд суралцсан ч өөрийн сонирхолдоо хөтлөгдөн, 10 жил ногоо тарьж байгаа бөгөөд биднийг очих үеэр хүлэмжид нь олон хүн цугласан байлаа. Гишүүнчлэл үүсгээгүй ч гэсэн олон жил хүнсний ногоо тарьж, хүмүүсийн итгэлийг хүлээсэн тул хэрэглэгчид нь түүний хүлэмжийг зорин ирсээр байлаа. Хүлэмжээр нь зочлоход хүн дүүрэн угтсан юм. 

Амралтын өдөр болоод ч тэр үү хүмүүс бүгд өөрсдийн уут савтайгаа ирж, өргөст хэмх, улаан лооль идэн, гэртээ авч харих хүнсний ногоогоо түүж авч байгаа харагдана. Харин хүүхдүүд нь бие биетэйгээ найзлан хүлэмжийн гадаа тоглож байлаа. 

"Тоосгоор биш шороогоор хүлэмжээ баривал хүнсний ногоо сайн ургана"

зураг
 

Хүлэмжийн аж ахуй эрхлэгч "Бидний хувьд голлон өргөст, улаан лооль, хаш тарьж байна. Улаан лооль гурван сар, өргөст хэмх 50 өдөр, хаш хоёр сарын хугацаанд ургадаг.

Ажил гэдэг зүйлийг хийж байж л амтанд нь ордог

Хүлэмж барихдаа хамгийн гол анхаарах зүйл нь өвлийн цагт дулаанаа алдахгүй байдлаар шийдэх юм. Дулааны хэмжээ бага байвал хүнсний ногооны ургалт муу байна. Тоосгоор биш шороогоор хүлэмжээ барих нь зүйтэй. Голдуу манай энд дөрвөн улирлын хүлэмж байдаг.

Ажил гэдэг зүйлийг хийж байж л амтанд нь ордог" хэмээн ярив. 

зураг
 

Үргэлжлүүлэн "Манай 18 хүлэмжид 10 хүн ажиллаж байна. Эрэгтэй ажилчин 5,000, эмэгтэй нь 3,600 орчим юанийн цалинтай ажилладаг. Тэдний хувьд эндээ байрладаг. Хүссэн хүн бүрд зээл олгодоггүй. Олон жил ажилласан, тусгай мэргэжилтэй хүмүүсээ сайн дэмждэг. Өвөр Монголчуудын хувьд ногоо тарих нь хүнд ажил биш. Харин тарьсан ногоогоо хэрхэн борлуулах нь хамгийн чухал зүйл. 

Хүнсний ногоогоо сургууль, банк, цэргийн байгууллагад хүргэж хамтарч ажилладаг. Гэр бүлийн хүмүүс ажиллаж байгаа. Монгол руу гурил, тос, будаа экспортолж байсан. Үрсэлгээ хийхдээ өвчнөөс сэргийлэх хэрэгтэй. Сайн бактерийг усанд хольж цацдаг. Дөрвөн улирлын турш өдөр бүр хүнсний ногоо түүж идэж болно. Хүнсний ногоо тарихдаа химийн бордоо, эм хэрэглэхгүй байвал чанартай ногоо ургаж, худалдан авагч олон байна. Бид хонь, үхрийн баасаар бордоо хийдэг. Хувь хүнээс гурван мү (1 га нь 15 мү-тэй тэнцэнэ) газрыг түрээсэлж байгаа. Түрээст жилд 4,000 юань төлдөг. Хүлэмж өөрөө барих нь үнэтэй байдаг. 

Миний тарьж буй бүх хүнсний ногоо нэг килограмм нь 10 юанийн үнэтэй. Нэг жилийн борлуулалтын орлого 3,000,000 байдаг бол цэвэр ашиг 1,000,000 юань. Шороогоор хүлэмжээ барьсаар илч сайн шингээдэг. Өвлийн улиралд хүлэмжээ дулаан байлгахын тулд шороогоор гурван талыг нь барьдаг. 

Зах худалдааны төвд зарагддаг хүнсний ногоотой харьцуулахад бидний тарьж буй ногоо чанартай учир хүмүүс хүлэмжид ирж өөрсдөө түүж авахдаа баяртай байдаг.

Амралтын өдөр 100 орчим хүн хүлэмжид ирж, 10-20 килограмм хүнсний ногоо худалдаж авдаг. Харин ажлын өдрүүдэд энэ тоо цөөрнө. Улаан лооль 500 грамм нь хүнсний захад нэг юань, харин манайх таван юаниар худалддаг. Хөх хотод хүнсний ногоо өвөл үнэтэй, зун хямд байдаг. Харин манай хүлэмжийн хувьд дөрвөн улирлын турш нэг л үнээр хүнсний ногоогоо зардаг.

Шорлог хийж идээд, хууч хөөрөн сууцгаах нь амьдралын баяр баясал" гэлээ. Түүний хувьд хүлэмжийн аж ахуй эрхлэхийн зэрэгцээ сургуулийн сурагч болон оюутнуудад өөрийн туршлага, мэдлэгээ хуваалцдаг байна. Биднийг очих үеэр 30 орчим сурагч хүлэмжийн аж ахуйтай нь танилцаж байгаатай таарав. 

"Ногоо, жимс тариад хаана худалдах уу гэж санаа зовох биш урьдчилан гишүүнээр элсүүлдэг"

зураг
 
Хөх хот

Эхлээд хүнсний ногоогоо тариад хаана худалдах уу гэж санаа зовох биш айлуудыг урьдчилан гишүүнээр элсүүлж, төлбөрөө авсны дараа тариалалтаа эхлүүлдэг бизнес загвар нь тун сонирхолтой санагдсан юм. Энэхүү загварыг монголчууд ашиглах боломжтой эсэх талаар асуухад "Хүлэмжийн аж ахуйн чиглэлээр сургалт орох гэж саяхан Улаанбаатарт очсон. Тухайн үед энэ талаар ярихад тэд хүлэмжийн аж ахуй эрхлэгчид итгэж, урьдчилж мөнгө өгөхгүй гэж ярьж байсан" гэдгийг хэллээ. 

Сайн хүнсний ногоо тарьсан ч худалдах төлөвлөгөө гаргаагүй бол хөдөлмөр, цагийн гарз болно гэж Хөх хотын тариаланчид онцолж байлаа. 

Хүнсний ногоо борддог бууцны тухайд "Бичил биет, ногооны хорхойг устгах шаардлагатай. Навчинд хортой нөлөө үзүүлдэггүй бактериар муу бактерийн үржлийн таслан зогсоох боломжтой. Ходоодны үйл ажиллагааг сайжруулдаг сүүний бактери шиг сайн бактери юм. Бактериа усанд хийгээд навчны гадаргуу дээр шүршдэг. Элдэв өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд долоон хоногт нэг удаа шүршинэ. Үндэс хэсэгт нь бага зэргийн усаар шүршиж болно. И-март худалдааны төвд их хэмжээний ногоо нийлүүлдэг 40 орчим хүлэмж Монголд бий. 

Малын баасыг ногоо тарихад суурь бордоо болгож ашигладаг. Ногоогоо тарьсны дараа шингэн бордоо ашиглана. Гэхдээ малын баасаар бордоо хийхээсээ өмнө боловсруулдаг. Эхлээд чийг болон дулааны хэмжээг тохируулдаг. Үхрийн баасаа том машинаар ачиж авчраад, хүрзээр дунд нь нүх гаргаад ус шүршинэ. Улмаар хүчилтөрөгчгүй орчин бий болж байгаа юм. Зарим бактери хүчилтөрөгчгүй орчинд амьдардаг. Үхрийн баасаа ус хийхгүйгээр гурван удаа шилжүүлж овоолно. Замын хажууд ингэж овоолж байгаад боловсруулж дууссаны дараа хүлэмжид авчирна. 

Эхний хоёр өдөрт дулааны хэмжээ нь тийм өндөр болдоггүй. Дулааны хэмжээ 63 градусаас дээш болбол үхрийн баас огт шим тэжээлгүй болж, хэрэгтэй зүйл болгон нь задарна. Иймээс үхрийн баасыг боловсруулахдаа дулааны хэмжээг 63 градусаас хэтрүүлж болохгүй. 

Газартаа бууцаа авчирч асгаад, хөрстэйгөө хольж бутална. Бууцыг тусгайлан худалддаг хүн бий" гэв. 

Үхрийн баасыг дунджаар дээш нь нэг метр овоолсноор дулааны хэмжээ их болдог аж. Малын баасанд шим тэжээл байдаг ч боловсруулахгүй хэрэглэвэл ургамал шингээж дийлэхгүй. Бичил биет баасны бүдүүн элементийг жижиглэнэ. Энэ явцад баасны илч нь өндөр болдог хэмээн хүлэмжийн аж ахуй эрхлэгчид тайлбарлаж байлаа. 

Хүлэмжийг зуны, өвлийн, ухаалаг гэж гурав ангилдаг. Зуны хүлэмжид хавар, намар улиралд эрт хүнсний ногоо тарьдаг. Хүнсний ногоо, жимсийг ингэж тарих нь мөнгө бага зарцуулж, хөрс шороогоо сайн ашиглаж чаддаг байна. Харин өвлийн хүлэмжийг тоосгон хэрмийн, зузаан хөрсний, живсэн, хоёр давхар бүтэцтэй гэж хуваадаг байна. 

зураг
 
Хөх хот

Хүлэмжийн гурван тал нь шороо байснаар дулааны илчийг сайн хадгалдаг аж. Өдрийн халуунд хүлэмжийнхээ урд талын хучлагыг доош буулгана. Ингэснээр сэрүүн болдог. Хөрс шороогоор хүлэмжээ барьсан учраас өвлийн цагт дулаанаа хадгалдаг. Мөн урд талын зай завсраа нэг метрийн өргөнтэй хучлагаар тойруулж хучиж, дэвсэж өгдөг байна. Түүнчлэн ар талыг нь тоосгоор, хоёр талыг нь шороогоор шийдсэн хүлэмж ч бий. Тоосгон хүлэмжийн хувьд хөрс шороогоор хийсэн хүлэмжтэй харьцуулахад дулаан хадгалах нь бага байдаг байна. Хүлэмжийн аж ахуй эрхлэгчид хүлэмжээ түрээсэлдэг аж. 

"Ус болон шим тэжээлийн тусламжтайгаар элсэн цөлд хүнсний ногоо ургуулж болно"

зураг
 
Хөх хот

Хэрхэн хүнсний ногоогоо сайн ургуулах талаар "Хүнсний ногоо сайн ургахгүй байх нь зөвхөн нэг шалтгаантай биш. Үрсэлгээ, хүлэмж, арчилгаа, дулааныг тохируулаагүй зэргээс шалтгаална. Хөвсгөр хар хөрсөнд тарьсан ногоо сайн ургадаг. Ийм хөрсөнд ус сайн шингэж, хөрсөндөө очдог. Хөх хотын орчимд шар шавар их байдаг. Монголын хөрстэй харьцуулахад ургалт муу. Бидний хувьд хөрсөө сайжруулдаг. Улаанбаатар сайхан хөрстэй.

Элсэн цөл дээр ус болон шим тэжээлийн тусламжтайгаар хүнсний ногоо ургуулж бас болдог. Элс ус сайн шингээдэг учраас хүнсний ногооны ургалтад сайн нөлөөлнө. Гурваас дээш жил хүнсний ногоо тарьж байж туршлага суудаг. Энэ чиглэлээр сайн мэргэшсэн гаднын хүмүүс Хөх хотод ирж, хүнсний ногоо тарьж байна. Хөх хотод хүлэмжийн аж ахуй эрхлэх сонирхолтой хүнд зээлийг нь хурдан шийдэж өгдөг. Бордоо, үрсэлгээний үнэ өндөр биш. Их хэмжээгээр байдаг. 

Хүнсний ногооны навч шарлавал юуг нь нэмэх вэ зэргийг өөрөө анзаарч байгаад тохируулна" хэмээн хүлэмжийн эзэн зөвлөлөө. 

зураг
 

Улмаар бид жимс ургуулж буй хэд хэдэн хүлэмжийн аж ахуйд зочлов. Усан үзэм зургаан сарын хугацаанд ургадаг бөгөөд 500 граммыг нь 30 юаниар худалдаж байна. Тухайн айл нийт дөрвөн хүлэмжтэй. Гэр бүлийн хоёр хүн хүлэмждээ ажиллаж байна. Ажил ихтэй үедээ хүн нэмж ажиллуулдаг аж. Усан үзмийн мод нь зургаан жилийн турш ургацаа өгсөн байна. Гэхдээ эхний жилд арвин ургац авдаггүй бөгөөд дараа жилээс нь ургац нь нэмэгддэг аж. Модны засалтаас ургалтын хэмжээ шалтгаалдаг. Гишүүнчлэлтэй биш ч гэсэн хүмүүс өөрсдөө ирж хүлэмжээс жимсээ түүж авдаг байна. 

Таваас зургаадугаар сард тоор, усан үзэм тарихад тохиромжтой улирал аж. Бөөрөлзгөнийг ихээр биш цөөн хэмжээгээр тарьж байна. 500 грамм бөөрөлзгөнө 60 юань, харин тоорыг 25 юаниар худалдаалж байв. Харин 12-5 дугаар сард гүзээлзгэнэ тарихад тохиромжтой аж. 

Нэг хүлэмжээс 3,000 жин (нэг жин нь 500 граммтай тэнцэнэ) усан үзэм авдаг. Нэг хүлэмжийн хэмжээ нь нэг мү (нэг га нь 15 мү-тэй тэнцэнэ) бөгөөд 600 мод байдаг аж. 

"Хүссэн цагтаа хүлэмжид очиж, шинэхэн ногоо түүж авах нь таатай байдаг"

зураг
 
Хөх хот

Хүлэмжүүдийн хувьд адил загвартай барьсан бөгөөд гурван тал нь шороо, дээвэр нь гялгар, түүн дээрээ дахиад хучлага давхарласан байв. Ойролцоогоор хоёр мү орчим газарт хүнсний ногооны үрсэлгээ ургуулж байна. Ямар нэртэй үйлдвэрийн ямар үрсэлгээ шаардлагатай байгаа талаарх захиалгаа хүмүүс урьдчилж өгөөд, мөнгөө төлдөг. Харин зарим нь өөрсдөө тусгайлан үрээ авчирч тариулж болно. Үрсэлгээг их хэмжээгээр хийдэг. Улаанбаатар руу тус үрсэлгээг явуулдаг. Үрийг худалддаг хүмүүс бас бий. Үрсэлгээгээ автомат машинаар өдөрт хоёр удаа усалдаг. Гэхдээ энэ нь тогтсон услалт биш байна. 

"Үндсэнд ус сайн нэвтэрч байвал ногоо, жимс сайн ургадаг. Нар их тусвал иш нь хэтэрхий өндөр болдог. Ишийг хэтэрхий өндөр ургуулж болохгүй. Монгол хүмүүс дулаалаад л байвал ногоо сайн ургана гэж боддог. Иш нь хэт ургавал үндэс нь ургаж амжихгүй. Тэнцвэртэй байх хэрэгтэй. Нар их тусаад байвал хучлагаа буулгадаг" гэдгийг гэрийн эзэн хэллээ. 

Улсын өмчтэй хүнсний ногооны үрсэлгээний газарт хамгийн сайн мэргэжилтнийг өндөр цалингаар ажиллуулдаг аж. Бидний очсон газарт 15 хүн ажилладаг гэж байлаа. Тухайн ажилтан нь нэмэлт орлого олохын зэрэгцээ улсаас цалинждаг байна. Тус газрыг 600 мянган юаниар барьсан бөгөөд өргөст хэмх, улаан лооль, хаш, халуун чинжүү зэрэг 10 орчим үрсэлгээг хийж байна. Зуны зургаан хүлэмж болон үрсэлгээний дөрвөн газар байв. Хүлэмжийн хувьд ойролцоогоор хоёр мү газарт хүнсний ногоо тарьж байна. 

зураг
 
Хөх хот

Жишээлбэл Шаньдун мужийн үйлдвэрээс үрсэлгээ авчирч дөрвөн улирал дамнан, хоёр жилийн турш туршилт хийдэг аж. Үрсэлгээ амжилттай болбол хотынхоо хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд худалддаг байна. 

Олон төрлийн хүнсний ногоог тус бүрд нь өөр арга барилаар ургуулах ёстой. Тухайлбал зарим хүнсний ногоо усалгаа их шаарддаг бол заримд нь дулаан чухал байдаг аж. Хэрэглэгчдийн хувьд хүссэн цагтаа хүлэмжид очиж, шинэхэн ногоо түүж авах нь таатай байдаг талаар ярьсан юм.