ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын математикийн олимпиадад Сант сургуулийн сурагч хошой аварга боллоо

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 5 сарын 1
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын математикийн 59-р олимпиадын дүнг өнөөдөр танилцуулж, шагналыг гардуулав. 

Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн нэрэмжит болгон зохион байгуулсан тус олимпиадаар Сант сургуулийн 11б ангийн сурагч Д.Энэрэлт хошой аварга боллоо. 

Тэрбээр, "Миний хувьд математикийн хичээлээр анх сургуульд орсон цагаасаа буюу 11 жилийн турш гүнзгийрүүлэн суралцаж, олимпиадад бэлтгэж ирсэн.

Манай сургуулийн хувьд математикт сонирхолтой байгаа хүүхдүүдийг бага ангиас нь эхэлж олимпиадад бэлддэг. Удаан хугацаанд, тогтвортойгоор сайн багш нар бэлдэж байгаа учраас илүү амжилт гаргадаг байх гэж бодож байна. Түүнчлэн стандарт математикийг бүх хүүхдүүдэд маш сайн сургаж чаддаг учраас сайн суурь болж өгдөг. Миний хувьд IT-н чиглэлээр суралцах бодолтой байгаа. Математик бол бүх зүйлийн суурь болж, цаашлаад олон салбарт хөрвөх боломж болдог учраас гүнзгийрүүлэн суралцах шалтгаан болсон” гэлээ.

Энэ удаагийн улсын олимпиадын аваргын сургууль нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медалийн амжилттай оролцсон байна. 

зураг
 

Түүнчлэн дээрх сурагчдаас О.Эрхэсболд, Д.Энэрэлт, Ц.Сайханбилэг нар нь IMO буюу олон улсын математикийн олимпиадад оролцох эрх авсан давхар амжилтыг үзүүлжээ.

"Хүүхдүүдийн зорилго өсөхийн хэрээр илүү их хөдөлмөрлөж, амжилт үзүүлж байна"

Сант сургуулийн математикийн багш Д.Ганчимэг “Олон Улсын Математикийн олимпиадад зургаан сурагч оролцдогоос манай сургуулиас тогтмол хоёроос гурван сурагч эрх авч чаддаг.

Энэ жилийн хувьд тус зургаан хүүхдийн гурав нь Сант сургуулийн хүүхдүүд байна.

Өмнөх жилүүдэд манай сурагчид Олон Улсын Математикийн олимпиадаас алт, мөнгө, хүрэл медаль авч байсан. Энэ удаа ч мөн адил амжилтаа өсгөхөөр зорьж байна.

Сурагчид маань маш хөдөлмөрч, зорилготой хүүхдүүд байдаг. Түүнчлэн бусад сурагчид болон багш нартайгаа нээлттэй санал бодлоо солилцож, жил болгон зорилт тавьж түүндээ хүрч чаддаг. Хүүхдүүдийн зорилго өсөхийн хэрээр илүү их хөдөлмөрлөж, амжилт үзүүлж байна гэж хардаг” гэсэн юм.

Энэ жилийн хувьд IMO буюу Олон Улсын Математикийн олимпиадад оролцохоор шалгарсан хүүхдүүдтэй Хятадын Цинхуа их сургууль хамтарсан бэлтгэл хийхээр болжээ.

Орчин үед хиймэл оюун ухааны салбарын түлхүүр мэргэжилтнүүд нь математикчид байна. Одоо бидэнд шаардлагатай байгаа хөгжил дэвшилд илүү олон Монгол математикчид, математик загварчлалыг эзэмшсэн инженерүүд нэн шаардлагатай байна гэдгийг тус олимпиадыг ивээн тэтгэгчид онцолж байсан юм. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.