Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөговийн Засаг дарга Р.Сэддоржийг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэтэй уулзахыг хориглосон захирамжийг хэвээр үлдээв

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн прокурорын газраас Өмнөговь аймгийн Засаг дарга ажилтай Р.Сэддоржид Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр хүлээн авчээ.

Улмаар нэгдүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэж, яллагдагч Р.Сэддоржид холбогдох хэргийг шийдвэрлэтэл түүнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах мөн нэр бүхий яллагдагч, гэрч нартай уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Гэтэл яллагдагч Р.Сэддоржийн өмгөөлөгч Л.Данзанноровоос тус шүүхийн Ерөнхий шүүгчид хандан дээрх хязгаарлалт тогтоосон шүүгчийн захирамжийн зарим хэсэг буюу Р.Сэддоржийг "УИХ-ын гишүүн, Ажнай корпорацын ерөнхийлөгч асан Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэтэй уулзахыг хязгаарласан" хэсгийг хүчингүй болгуулахаар гомдол гаргажээ.

Уг гомдлыг тус шүүхийн Ерөнхий шүүгч 2023 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Мөн Нийслэлийн прокурорын газраас "Тавантолгой" ХК-ны ТУЗ-ийн дарга ажилтай Б.Түвшинбаяр, "Тавантолгой" ХК-ны Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.Шүрэнхишиг нарт "Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай" саналыг 2023 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцлээ.

Прокуророос яллагдагч Б.Түвшинбаяр, Г.Шүрэнхишиг нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа дуустал тэднийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, мөн нэр бүхий яллагдагч, гэрч нартай уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналыг шүүхэд гаргасныг хангаж шийдвэрлэв.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2023 оны нэгдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн яллагдагч Б.Түвшинбаяр, Г.Шүрэнхишиг нарт холбогдох хэргийг шийдвэрлэтэл тэднийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, нэр бүхий яллагдагч, гэрч нартай уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэлээ.

Одоо яллагдагч Р.Сэддорж, Б.Түвшинбаяр, Г.Шүрэнхишиг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, мөрдөн байцаалын ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.

 

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан Дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан Шатны Шүүхийн Тамгын Газар