Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Эрчим хүчээ хэмнэхийн тулд Украинчуудад гадаадад өвөлжихийг, Токио хотынхонд битүү захтай цамц өмсөхийг зөвлөв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Ирэх өвөл дэлхийн олон оронд эрчим хүчний томоохон сорилт тулгарахаар байгаа. Эрчим хүчээ хэмнэх янз бүрийн аргыг улс улсын эрх баригчид иргэддээ зөвлөж байна.

Тухайлбал Оросын эзлэн түрэмгийлэлд өртсөн Украин улсын эрх баригчид энэ өвлийг гадаадад өнгөрүүлэхийг иргэддээ уриалж байгаа.

Оросын эрх баригчид Украины эрчим хүчний дэд бүтцийг устгаж, ирэх өвөл нийтээр нь хөлдөөх харгис төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа юм. Сүүлийн мэдээллээр тус улсын эрчим хүчний байгууламжуудын тал орчим хувь нь Оросын агаарын цохилтод сүйджээ.

Украины хамгийн том хувийн эрчим хүчний компанийн тэргүүн өчигдөр тус улсын иргэдэд боломжтой бол гадаадад өвөлжихийг уриалсан байна.

ДТЕК компанийн гүйцэтгэх захирал Максим Тимченко “Хэрвээ ард иргэд маань ирэх гурваас дөрвөн сарыг гадаадад өнгөрүүлэх боломжтой бол энэ нь манай системд маш том тус болох юм” гэж BBC сувагт ярьжээ.

зураг
 
Максим Тимченко

Энэ долоо хоногийн эхээр Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өөрийн армийн явуулж буй ажиллагааг Украины тал Оростой хэлэлцээ хийхээс татгалзсаны “үр дагавар” гэж тодорхойлж байв.

Тимченкогийн компани Украины эрчим хүчний хэрэглээний дөрөвний гурваас илүү хэсгийг хангадаг юм.

Орос, Украины эрчим хүчний салбарын түүхэн хэлхээ холбоо өнөөдөр нөхцөл байдлыг улам хүндрүүлж буйг тэр ярьжээ.

“Тэд манай түншүүд байсан бол одоо дайснууд болоод байна. Тэд бүх мэддэг зүйлээ Оросын армид өгч, манай системийн хаана цохилт өгвөл илүү үр дүнтэйг зааж сургаж байна” гэж Тимченко хуучин түншүүдийнхээ талаар ярьсан юм.

Тэгвэл саяхан бас Японы нийслэл Токио хотын захирагч ирэх өвөл битүү захтай зузаан цамц өмсөхийг оршин суугчдадаа уриалжээ.

Энэ нь иргэдийг дулаан байлгаж, эрчим хүч хэмнэхэд тустай тул өвлийг хүндрэл бэрхшээлгүй давах нэг арга болно гэж үзэж байгаагаа тус хотын захирагч Юрико Койке сэтгүүлчдэд ярьсан байна.

зураг
 
Юрико Койке

“Битүү захтай цамц өмсөх нь дулаан хадгалах сайн нөлөөтэй. Би өөрөө ийм цамц өмсөж, ороолт зүүснээр дулаан суудаг болсон. Энэ бол ирэх өвлийг хүндрэлгүй даван туулах нэг арга юм” гэж тэр тайлбарлажээ.

Койке бас Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон ийм цамц өмсдөг болсныг энэ үеэр жишээ болгон ярьсан юм.

Япон улс нь эрчим хүчний хомсдолыг давахын тулд жил бүрийн зун “cool biz” нэртэй аян явуулж ирсэн туршлагатай. Энэ нь их халууны үед агааржуулагч бага ажиллуулахын тулд офисын албан хаагчдад чөлөөт хувцас өмсөхийг уриалж, дэмжсэн арга хэмжээ юм.

Украины дайны улмаас Япон улс эрчим хүчний хомсдолтой тулгараад байгаа. Наймдугаар сард тус улсын ерөнхий сайд Фүмио Кишида цөмийн эрчим хүчний салбараа сэргээх уриалга гаргаж байв.

2011 онд Фүкүшимад цөмийн томоохон осол гарч, их хохирол амсаж байсан тус улсын хувьд энэ нь нэлээд маргаантай сэдэв юм. Уг гамшгаас хойш 11 жил өнгөрөөд байхад Япон улс нийт 33 цөмийн реакторынхаа 10-ыг л ажиллуулж байна.

 

Эх сурвалж: BBC, AFP