Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Төрийн албаны шалгалт өгч тэнцээд насан туршийнхаа баталгааг аваад явдаг байдлыг таслан зогсооё гэж байгаа"

А.Намуун, iKon.mn
2022 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Засгийн газрын дотоод хяналт шалгалтын агентлагийг байгуулах асуудал яригдаж байна. Олон нийт Мэргэжлийн хяналтын байгууллагыг Засгийн газрын хяналтын байгууллага болж байгаа мэтээр ойлгосон байна лээ хэмээн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тайлбар хийв.

Тэрбээр "Мэргэжлийн хяналтын байгууллага 1,200-1,400 байцаагчтай, 13 төрлийн хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулж байхад ахиад мэргэжлийн яамд 1,400-1,600 байцаагч нараар хяналтын үйл ажиллагааг давхардуулж хийж байна. Энэ нь иргэд, ААН-үүдэд дарамт учруулдаг. Мэргэжлийн яамдын хяналтын тогтолцоог сайжруулж, стандартад тулгуурласан мэргэжлийн хяналтын үйл ажиллагаа явуулах боломжийг бид нээж өгнө.

2003 онд анх байгуулагдсанаасаа хойш үр дүнтэй, бодитой ажиллаж чадсан. Сүүлийн арваад жилийн хугацаанд хуулиудад өөрчлөлт оруулаад мэргэжлийн хяналтын зарим чиг үүргийг яамд руу салгаж эхэлснээс болоод хяналт шалгалтын давхцал бий болсон. Энэ давхардлыг таслан зогсоож, хяналт шалгалтыг яамдуудад төвлөрүүлэх бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр Мэргэжлийн хяналтын гүйцэтгэх үүрэг алдагдахгүй. Харин илүү мэргэжлийн түвшинд хяналт тавих бололцоо бүрдэж байгаа юм" гэлээ. 

Засгийн газрын дотоод хяналт шалгалтынхаа агентлагийг бий болгож байгаа. Ерөнхий сайд УИХ-ын өмнө хуулийн хэрэгжилтийг хангуулах Үндсэн хуулиар хүлээсэн үүрэгтэй. Ерөнхий сайдын үйл ажиллагаа, Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангуулах үүргийг ЗГХЭГ хүлээдэг. Түүнчлэн хүний нөөц, дотоод хяналт шалгалт, мониторингийн үйл ажиллагааг явуулах үүргийг ч хүлээж байдаг. Энэ үүргээ хангалттай биелүүлж чадаагүй байна.

Иргэдийн нүдээр төрийг харахад маш муу гэдэг үнэлэлтийг мөнхийн өгч ирсэн. Засгийн газар бусад бизнесийн байгууллагатай ижил төстэйгээр өөрсдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, төрийн нэрийн өмнөөс иргэнд үйлчилгээ үзүүлж байгаа албан хаагчид соёлтой, мэдлэг чадвартай, нийгмийн хангамж сайтай, харилцааны хандлага сайтай байх шаардлагыг тавьж байгаа.

Төрийн албаны шалгалт өгч тэнцээд насан туршийнхаа баталгааг аваад явдаг байдлыг ЗГХЭГ таслан зогсооё гэж байгаа. Жил бүр төрийн албан хаагчдад аттестатчлал явуулж, мэдлэг ур чадвар сайтай албан хаагчийг олж, дэмжиж ажиллана. Түүнээс биш АТГ, ТАЗ, шүүх, хууль хяналтын байгууллагын ажлыг хийх гэж байгаа юм биш. Иргэнд үйлчилдэг төрийн албаа Засгийн газар өөрсдөө үнэлж, дүгнэн захиргааны хариуцлага хүлээлгэдэг байх тогтолцоог  нээж байна гэж ойлгож болно хэмээн тайлбарлалаа.

ВИДЕО:
https://fb.watch/gxTxrs20wz/