Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Украины аль хэсгийг ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэснээ Кремлийн эрх баригчид хэлж чадахгүй байна

Т.Давааням, ikon.mn
2022 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Украины дөрвөн бүс нутгийг ОХУ-ын бүрэлдэхүүнд албан ёсоор нэгтгэх ёслолын арга хэмжээ Москва хотод зохион байгуулагдсан билээ.

Гэвч Оросын эрх баригчид Украины газар нутгийн яг аль хэсгийг бүрэлдэхүүндээ нэгтгэж, хилийн шинэ шугамыг хаагуур татахаа шийдэж чадаагүй байгааг өчигдөр албаны эх сурвалж мэдээлжээ.

Өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ тухай асуултад гайхмаар сонин хариулт өгсөн юм.

Одоогоор ОХУ-ын бүрэлдэхүүнд орсон гэгдэж байгаа Донецк, Луганск, Херсон, Запорожье мужуудын алийг нь ч Оросын цэрэг бүрэн хяналтдаа оруулж чадаагүй байгаа.

Хэдийгээр бүрэн хянаж чадахгүй байгаа ч Донецк, Луганск мужууд бүхэлдээ ОХУ-ын газар нутаг болсныг Песков хэлжээ.

“Херсон, Запорожье мужуудын хувьд хилийн шугамыг бид нутгийн хүн амтай зөвшилцөж байж шийдэх болно. Одоогоор үүнээс илүү тодорхой хариулт өгч чадахгүй” гэж тэр сэтгүүлчдэд ярьсан байна.

Хэрвээ ОХУ хилийн шинэ шугамаа тогтоож чадвал Украины армийн довтолгоог газар нутагт нь халдсан хэрэг гэж үзээд боломжит бүх арга хэрэгслээрээ хамгаалах ёстой болоод байгаа. Үүнд цөмийн зэвсэг хэрэглэх асуудал хүртэл яригдаж байна.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Луганск мужийн Лиман хотыг Украины арми чөлөөлсний дараа Чеченийн тэргүүн Рамзан Кадыров цөмийн зэвсэг хэрэглэх санал дэвшүүлж байсан юм.

Энэ талаар сэтгүүлчид Песковоос асуухад тэр “Ямар ч хэцүү мөчид бодит нөхцөл байдлыг үнэлэхдээ сэтгэл хөдлөлд автаж болохгүй. Бид асуудалд тэнцвэртэй, бодитой байр сууринаас хандах болно” гэж хариулжээ. Тэрбээр Кадыровын саналыг хувь хүний үзэл бодол төдий зүйл гэж тодорхойлсон байна.

 

Эх сурвалж: The Guardian