Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ жилийн анагаах ухааны Нобелийн шагналыг хүний эволюцын талаар нээлт хийсэн эрдэмтэн хүртэхээр болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг
2022 оны анагаах ухааны Нобелийн шагналын эзэн Сванте Паабо

2022 оны анагаах ухааны Нобелийн шагналыг “устаж үгүй болсон хоминидуудын геном болон хүний эволюц” сэдвээр нээлт хийсэн Шведийн генетикч Сванте Паабо хүртэхээр болсныг саяхан зарлажээ.

Шагналыг Шведийн Каролинска хүрээлэнгийн Нобелийн зөвлөл олгох ба 10 сая швед кроны ($900,357) мөнгөн шагнал дагалдах юм.

Паабо нь Нобелийн шагналт биохимич Суне Бергстромын хүү юм байна. Тэрбээр археологи, палеонтологийн олдвороос геномын дарааллыг тогтоох арга боловсруулсан нь хүний уг гарлыг судлахад чухал түлхэц болжээ.

Паабогийн нээлтийн үр дүнд Неандерталь хүний геномын дарааллыг тогтоож, орчин үеийн хүнтэй ямар хэлхээ холбоотойг илрүүлж байв.

Бас Сибирийн агуйгаас олдсон 40,000 жилийн настай хурууны яснаас Денисовын хүн гэгддэг эртний хүний төрөл зүйлийг анх удаа нээж байжээ.

Шведийн зохион бүтээгч, бизнесмэн Альфред Нобелийн гэрээслэлийн дагуу 1901 оноос хойш шинжлэх ухаан, утга зохиол, энх тайвны салбарт гавьяа байгуулсан хүмүүст жил бүр түүний нэрэмжит шагналыг олгодог болсон юм. Сүүлд эдийн засгийн салбарын шагнал нэмэгдэж байжээ.

Цар тахлын улмаас хоёр жил завсарласан Нобелийн шагнал гардуулах ёслолыг энэ жил сэргээх юм.

Өнгөрсөн жилийн анагаах ухааны Нобелийн шагналыг температур өөрчлөгдөх, хүрэлцэх зэрэг физик үйлчлэлийг тархинд дамжуулдаг хүний арьсны мэдрэгчүүдийг нээсэн Америкийн эрдэмтэн Дэвид Жулиус, Ардем Парапутян нар хүртэж байв.

Өнөөдрийн шагналаар энэ жилийн Нобелийн шагналтнуудыг зарлах долоо хоног эхэлж байна.

Маргааш физик, нөгөөдөр химийн салбарын шагналтнуудыг зарлана. Пүрэв гарагт утга зохиол, Баасан гарагт энх тайвны шагналтнуудыг тодруулж, ирэх Даваа гарагт эдийн засгийн шагналтан тодрох юм.

 

Эх сурвалж: Reuters