Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөгжлийн Банк төгрөгийн орлого олдог бизнест төгрөгөөр, экспортын орлого олдог бол валютын зээл олгох зарчим барьж байгаа"

Р.Оюун, iKon.mn
2022 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн талаар өнгөрсөн нэгдүгээр сард олон нийтэд ил болгосноос хойш өнгөрсөн хугацаанд 648.8 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгджээ. Улмаар нэгдүгээр сард 1.3% байсан өөрийн хөрөнгийн хүрэлцээ 15.3 хувьд хүрсэн байна. 

Гэвч банкны эрүүл мэнд сайн түвшинд хүрээгүй байгааг Монгол Улсын Хөгжлийн банк, Монголын Бизнесийн Зөвлөл хамтран өчигдөр хийсэн “Монгол Улсын Хөгжлийн банканд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц, шийдэл, цаашдын ирээдүй” хэлэлцүүлгийн үеэр тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул хэллээ. Он дуустал Хөгжлийн Банк дор хаяж нэг их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг төлж барагдуулах төлөвлөгөөтэй ба оны эцэст санхүүгийн чадавх сайжирч, 2023 оноос энгийн түвшинд ажиллаж эхлэх боломж бүрдэнэ гэж харж байгаагаа тэрбээр дурдсан.  

Тус банкнаас 2014 онд зээл аваад өнөөдрийг хүртэл амжилттай ажиллаж, хил гааль хаалттай үед дотоодын цементийн хэрэгцээг тодорхой хэмжээнд хангаж, жилд гадагш урсах байсан 240 сая ам.долларыг дотооддоо үлдээхэд хувь нэмрээ оруулж байгаа “Монцемент Билдинг Материалс” компани Хөгжлийн Банкны зээлийн ханшийн зөрүүд 80 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байгааг тус компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ц.Халиун энэ үеэр хөндөв. Хэдийгээр бизнесүүд эрсдэлээ хүлээх ёстой ч тухайн үед төгрөгөөр зээл олгох тухай Засгийн газрын тогтоолтой байхад Хөгжлийн Банк валютаар зээл олгосон нь ийнхүү хүнд байдал үүсгээд байгааг тэрбээр хэлэв. 

Цар тахлын улмаас нэн хүнд байдалд орсон эдийн засгийн хямралыг давахын тулд бизнес эрхлэгчдийн 71% нь зээл авахаар арилжааны банканд хандсан ч 21% нь зээл авч чадсаныг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин дурдаад Хөгжлийн Банк хөгжлийг дэмжсэн зээл олгох хэрэгтэй тухай байр сууриа илэрхийлсэн юм.

Энэ мэтчилэн Хөгжлийн банкны цаашдын үйл ажиллагаатай холбоотой гарсан шинэлэг саналуудын талаар бизнес эрхлэгчдийг төлөөлж, МҮХАҮТ болон Хөгжлийн Банкны байр суурийг хүргэж байна.  

О.Амартүвшин: Төгрөгийн орлоготой бол төгрөгөөр, долларын орлоготой бол доллароор зээл олгох хэрэгтэй

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөгжлийн зээл гэдэг бол үнийн дүн том, мөн төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгддэг, урт хугацаа шаарддаг, хөрөнгө оруулалтын дүн томтой, шийдвэрүүд дагуулсан том төслүүд байдаг. Үүнийг арилжааны банк дангаараа санхүүжүүлж чадахгүй, тухайн ААН шийдэж чадахгүй. Хөрөнгө оруулалтын орчин ийм байгаа үед гаднын хөрөнгө оруулагчийг оруулж ирнэ гэдэг маш хүнд. Тэгэхээр хүссэн хүсээгүй Засгийн газар Хөгжлийн Банкаар дамжуулж шийдэл гаргана. 

Тэгэхээр дараах саналууд байна. 

  1. Орлогыг тооцоод хэрэв төгрөгийн орлоготой бол төгрөгөөр, долларын орлоготой бол доллароор зээл олгох
  2. Шийдвэр гаргалтыг хурдасгах шаардлагатай байдаг. Маш олон зөвшөөрөл шийдэгдэхгүй уддаг. Дарханы төмөрлөг дээр л гэхэд зөвхөн ТЭЗҮ-ээ батлуулах гэж 2.5 жил явсан байдаг. Энэ хугацаанд мөнгө, хүү зогсохгүй.
  3. Хөгжлийн Банкны Удирдах Зөвлөлийг илүү бизнесийн болон банк суурьтай болгож, улс төрийн нөлөөллөөс салгахгүй бол болохгүй байна. 

Маш их зээл байгаа боловч ихэнх нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүд дээр байгаа. Хувийн хэвшлүүдэд богино хугацаатай бөгөөд хүү өндөр болчихдог. 8% гэдэг бол арилжааны зээл

Ханшийн нөлөө тухайн аж ахуйн нэгжээс хамаарахгүйгээр алдаад байна. Энэ бүх эрсдэлийг компаниудаар үүрүүлчихдэг. Мөн санхүүжилтээ дутуу хийчихдэг зэрэг нь аж ахуйн нэгжүүдэд хүнд дарамт учруулж байна. Нэгэнт хиймээр байгаа, үнэхээр ач холбогдолтой, долларын урсгалыг хязгаарлаж, экспортыг нэмэгдүүлж байгаа бол шийдсэн шиг шийдээд, нэмэлт санхүүжилтийг өгч болно гэж харж байна. 

2020, 2021, 2022 оныг харвал дэлхий даяар 3 жил дамнасан том эрсдэл дээр бизнесийнхэн очсон. Араас нь Орос, Украины асуудал залгалаа. Иймээс банк өөрөө эрсдэл үүрэх ёстой. Монголбанк ханшийн эрсдэлийг үүрэх, Засгийн газар шийдвэртэй холбоотой эрсдэлийг үүрэх зэргээр дан ганц аж ахуйн нэгжид бүх эрсдэлийг үүрүүлэмгүй байна. Бүгдээрээ зөв, хийх ёстой гэж үзэж байгаа бол яаж хийх шийдлээ ширээ тойроод харах ёстой гэж бодож байна. 

Одоо бол харьцангуй цөөн ААН дээр валютын ханшийн нөлөө асуудал үүсгээд байгаа. Үүнийг Монголбанк авч үзэхээс гадна Хөгжлийн Банк дахин хэлцэл хийгээд дахин санхүүжүүлэх боломжтой, энэ төслүүд улс оронд хэрэгтэй учраас. Хувийн хэвшлийг бодитойгоор хөгжилд дэмжих ёстой. Тэгэхээр Засгийн газар гээд тал талаасаа гарц хайх хэрэгтэй болохоос биш бие биенээ буруутгаад, барьж хорьж, үгүйсгэх нь шийдэл биш. 

Н.Мандуул: Хөгжлийн Банк цаашид томоохон төслүүдийн бэлтгэл ажил дээр анхнаас нь оролцож, бойжуулалт дээр нь ажиллах боломжтой

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хувийн хэвшлийн зүгээс Хөгжлийн Банк цаашид ажиллах ёстой, томоохон төслүүдийг санхүүжүүлэх чухал бүтэц гэдэг дээр санал нэгдэж байна. Гэхдээ бид өнгөрсөн хугацаанд гарсан алдаа дутагдал дээрээ дүгнэлт хийгээд цаашдаа засаглал, зээл олгох, хяналт тавих процесс дээрээ сайн ажиллах ёстой гэсэн дүгнэлт гарлаа. 

Эрсдэл үүрэхийг бид зарчмын хувьд хүлээн зөвшөөрч байгаа. Банкны хувьд санхүүгийн эрсдэлийг нь үүрэх нь зөв. Тухайн зээлийн эрсдэлийг бизнес нь үүрэх ёстой гэдэг зарчим барьж байгаа. Гэхдээ нэгэнт өмнө нь гарсан гэрээ хэлэлцээрүүд хүчин төгөлдөр зүйлс дээр бид Засгийн газар болон Монголбанктай ярилцаж байж нэгдсэн шийдлээр хийхгүй бол банк дангаараа ийм том хэмжээний асуудлыг шийдэхэд хүндрэлтэй. Нөгөө талдаа, банкны эрүүл мэнд тийм ч сайн түвшинд хүрээгүй байгаа. Ирэх онд хүлээгдэж байгаа эргэн төлөлтүүдийг шийдэх шаардлагатай тул нэгдсэн зарчмаараа шийдэх ёстой гэсэн байр суурьтай байна. 

Өмнө нь Хөгжлийн Банк өөрийн актив буюу гаднах эх үүсвэртэйгээ уялдуулан гадаад валютаар нэлээд хэмжээгээр зээл олгосон нь бизнесүүдэд дарамт болж байгааг бизнесийн төлөөллүүд хэлж байна. Төгрөгийн орлого олдог бизнест төгрөгөөр нь, экспорт хийж орлого олдог бол гадаад валютын зээл олгох зарчим барьж байгаа. Энэ асуудлыг Засгийн газар, Монголбанктай хамтарч, нэгдсэн шийдэл гаргаад цааш явах ёстой. 

Хөгжлийн Банкны өмнөх дутагдал бол зээл өгөөд орхидог байсан явдал. Тэгэхээр цаашдаа төслийн гүйцэтгэл дээр хяналт тавих нь чухал юм байна гэж бодож байна. Нөгөө талдаа бид бодит байдалтайгаа эвлэрэх ёстой. Монголд томоохон төслүүдийн бэлтгэл ажил дутуу дулимаг зүйлс байна. Хөгжлийн Банк гаднаас санхүүжилт татах боломжтой байгаагийн хувьд тухайн гаднын санхүүжилтийн байгууллагаас туршлагыг нь авч, томоохон төслүүдийн бэлтгэл ажил дээр нь анхнаас нь оролцож, бойжуулалт дээр нь ажиллах боломжтой гэж үзэж байгаа.



Одоогоор тус банкны зээлийн багцыг харвал 53 зээлдэгчийн нийт 2,874.7 тэрбум төгрөг байна.

Зээлийн ангиллаар танилцуулбал, 51.8 хувь буюу 32 зээлдэгчийн нийт 1,488.2 тэрбум төгрөгийн зээл чанаргүй ангилалд багтаж байгаа бол 11 зээлдэгчийн нийт 700.5 тэрбум төгрөгийн зээл анхаарал хандуулах ангилалд, 11 зээлдэгчийн нийт 668.1 тэрбум төгрөгийн зээл хэвийн ангилалтай байна. 

Хөгжлийн банк одоогийн зээлийн багцын 52.3 хувь буюу 23 зээлдэгчийн нийт 1.5 их наяд төгрөгийн зээлийг аж үйлдвэрийг дэмжих зорилгоор олгосон

  • цементийн үйлдвэр,
  • арматурын үйлдвэр,
  • газрын тосны үйлдвэр,
  • барилга барих үйлдвэр,
  • гурилын үйлдвэр,
  • малын гаралтай түүхий эд үйлдвэрлэх үйлдвэр зэрэг Боловсруулах үйлдвэрийн салбарын санхүүжилтүүд эзэлж байна.

Мөн иргэдийг орон сууцжуулах зорилтын хүрээнд олгосон барилга, дэд бүтцийн салбарт 12 зээлдэгчийн нийт 580 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл байна.  

Эрчим хүчний салбарт 4 төсөлд олгосон нийт 385.2 тэрбум төгрөгийн зээл идэвхтэй байна. Тодруулбал, “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХХК-ийн “Эгийн голын усан цахилгаан станц байгуулах төсөл”, ЭХЯ-ны “Таван толгой дулааны цахилгаан станцын төсөл”, ДЦС-4 ТӨХК-ийн “Суурилагдсан хүчин чадал цахилгаанаар 86 МВт нэмэгдүүлэх төсөл”, “Чойбалсангийн дулааны цахилгаан станц өргөтгөх төсөл” тус тус багтаж байна.

Нийт зээлийн багцын 10.1 хувь буюу 291.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг уул уурхайн салбарын 9 зээлдэгчид олгожээ.

“Изинис-эйр вэйз” ХХК, “МИАТ” ТӨХК зэрэг агаарын тээврийн салбарт олгосон зээлийн үлдэгдэл 30 тэрбум байсан бол үүнээс “МИАТ” ТӨХК зээлээ бүрэн төлж дуусгасан байна.