Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сарангэрэл сайдын хэлсэн доромж үг иргэдийг бухимдуулав

Р.Оюун
2022 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төрийн ордонд болсон "Халамжаас хөдөлмөрт" хэлэлцүүлгийн үеэр ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийн хэлсэн "Манай яамныхан бол улны айлууд гэж нэрлэдэг юм байна. Өөрөөр хэлбэл, үнэхээр ядуу байгаа айл өрх. Ядуу гэдэг үг хэрэглэхээ больж, эмзэг бүлэг, зорилтот бүлэг гэж байгаа юм. Гэхдээ миний найз эмзэг бүлгийн хүн гэлтэй нь бишдээ, ядуу гэдгээрээ явах нь зөв гэж би бодоод байгаа юм" хэмээн хэлсэн нь олон нийтийн эгдүүцлийг хүргээд байна. 

Тэрбээр ийнхүү хэлсэн тодорхойлолтдоо багтаж буй 1,520 өрхөөс хөдөлмөр эрхлэх чадвартай, 18-55 насны иргэдийг үсчнээр сургана гэсэн нь ч байгаа оноогүй шийдвэр хэмээн олон нийт бухимдаж байна. 

Энэ талаар 2017 онд ХНХ-ын сайд асан Н.Номтойбаяр байр сууриа илэрхийлсэн бөгөөд "Дэд сайд, сайд байхдаа "улны айл" гэж сонсож байгаагүй шүү! 50 саяыг 50 төгрөг мэт, зайсангийн хаягдал бродюраар гэр хорооллыг гоёно гэж ярьдаг дарга нар мөнгөний мэдрэмжгүй бөгөөд нийгмийг кастын системтэй хардаг болоо юу даа! Нийгэм үргэлж ингэж нулимуулдаг байхгүй дээ!" гэжээ. 

Өөрөөр хэлбэл, яамныхан тэгж ярьдаг байсан гэснийг ХНХ-ын сайд асан Н.Номтойбаяр үгүйсгэв. Харин Д.Сарангэрэлийн өмнөх сайд А.Ариунзаяа одоогоор энэ талаар байр сууриа илэрхийлээгүй байна.

Д.Сарангэрэл өмнө нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд байхдаа аялал жуулчлалын өрсөлдөх чадвар дээр визийн асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ 140 орноос 128-д, виз авахад таагүй, хүндрэлтэй оронд ордог. Энэ асуудлыг шийднэ гэж итгэж байгаа. Жуулчдынхаа тоог нэг саяд хүргэнэ гэсэн том зорилт тавьсан" гээд "Хил орчмын визийн асуудал дээр хяналтаа чангатгаад тэр хавиар аялал жуулчлалаа хөгжүүлээд, урд хөршийн мөнгөтэй иргэдийг сэгсрэх боломж байна" хэмээн мөн ёс бус үг хэллэг хэлж, олон нийтийг бухимдуулж байсан удаатай. 

https://fb.watch/fO0GOQ2Ewn/

Ийнхүү сайд хүн иргэдээ доромжилсон нь нийгмийн бухимдлыг төрүүлээд байгаа бөгөөд иргэд цахим сүлжээнд сайдад хариуцлага тооцох шаардлагыг өрнүүлээд байна. 

Монгол Улсын Үндсэн хуулийн 14-р зүйлийн 14.2 дахь хэсэгт "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэж заасан байдаг. 

Яг энэ үндэслэлээр Монгол-Оросын хамтарсан Гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлөхөөр болсныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарсайхан олон нийтэд мэдээлж байсан билээ.