Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Энх-Амгалан: Орон нутагт ажиллаж байгаа Засаг дарга, иргэн та энэ улсын хөгжилд юу оруулж, ямар хариуцлага хүлээж байгаа вэ гэдгээ өөрөөсөө асуугаарай

Р.Оюунцэцэг, IKON.MN
2022 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Дан ганц компаниуд, төрийн байгууллагууд бус, иргэний нийгмийн байгууллагууд, орон нутгийн малчин иргэд ч оролцож, хариуцлагагүй уул уурхайн талаар байр сууриа илэрхийлснээрээ “Mining week” арга хэмжээний хоёр дахь өдөр болсон “Хариуцлагатай уул уурхай ба орон нутгийн харилцаа” хэлэлцүүлэг онцлог байсныг сурвалжилгын эхний хэсэгт онцолсон

Тэгвэл уул уурхайн салбарт тулгамдаж буй орон нутгийн эсэргүүцэл, компани, нутгийн иргэд, засаг захиргаа хооронд ойлголцлыг ойртуулах ач холбогдолтой “Орон нутгийн харилцаа” хэлэлцүүлгийн үеэр аймгийн Засаг даргаас эхлээд Геологийн салбарын төлөөлөл ч мөн байр сууриа илэрхийлсэн юм. 

Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга О.Батболдын удирдан явуулсан “Орон нутгийн харилцаа” сэдэвт уг хэлэлцүүлэгт 

  • УУХҮЯ-ны Бодлогын газрын дарга Б.Элбэгзаяа
  • Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал
  • Ховдын толь ТББ-ын тэргүүн Г.Төрмөнх
  • "Эрдэнэ ресурс девелопмент" корпоацын төсөл хариуцсан дэд ерөнхийлөгч Жон М.Лёнс "Оюу толгой" компанийн Орон нутаг хариуцсан ерөнхий менежер Г.Сугар 
  • "Аум Алт" компанийн гүйцэтгэх захирал Б.Жавзандорж
  • Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны ерөнхийлөгч асан Ч.Энх-Амгалан
  • "Сноу хилл консалтанси" хуулийн фирмийн өмгөөлөгч Э.Билэгсайхан нар оролцож, уул уурхайн компаниуд орон нутаг болон нутгийн иргэдтэй ойлголцох шийдлийн талаар хэлэлцсэн. 

Оролцогчдын байр суурийг хүргэе.

Г.Төрмөнх: Уул уурхайн орлогын хуваарилалтын менежмент ойлгомжгүй, тэгш хүртээх бодлого ойлгомжгүй хэвээр байгааг боловсронгуй болгох шаардлагатай

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ховдын толь ТББ-ын тэргүүн Г.Төрмөнх:

Өнгөрсөн хугацаанд уул уурхайн үйл ажиллагаа явуулахад хуримтлагдсан муу жишээнээс үүдэлтэй талуудын хоорондын харилцаа тулгамдсан хэвээр байна. Лиценз олголт, олон нийтийн эрх ашгийн зөрчил гээд олон асуудал бий бөгөөд хууль, шүүхийн байгууллагаар ордог ч шийдэгддэггүй. 

Уул уурхайн орлогын хуваарилалтын менежмент ойлгомжгүй, тэгш хүртээх бодлого ойлгомжгүй хэвээр байгааг боловсронгуй болгох шаардлагатай. Төслүүд орон нутгийн Засаг даргатай тохироод гэнэт хэрэгжихээр болдог. Орон нутгийн иргэд энэ талаар нь мэдээлэлгүй байдгаас зөрчил үүсдэг. Хууль эрх зүйн орчноосоо эхлээд бүх талын оролцоог хангах хэрэгтэй. 

О.Батжаргал: Төр засгийн гаргасан бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй ч нутгийн өөрөө удирдах байгууллагын хувьд орон нутгийн иргэдийн асуудлыг шийдэх бас бүрэн эрхтэй

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал:

Дорноговь аймаг тусгай зөвшөөрөл бүхий талбайн хэмжээгээрээ улсдаа нэгдүгээрт бичигдэж байна. Уур уурхайн нөлөөллийн бүс дэх малчид, иргэдийн нөхцөл байдал хурцадмал болсон. Зах зээлээс өмнө ч уул уурхайтай байсан тул Дорноговь харьцангуй хүлээцтэй бөгөөд эдийн засгийн хувьд нээлттэй аймаг. 

Орон нутагт тулгамдаж буй асуудал бол төр засгийн гаргасан бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Нөгөө талд нутгийн өөрөө удирдах байгууллагын хувьд орон нутгийн иргэдийн асуудлыг шийдэх бас бүрэн эрхтэй. 

Уул уурхайгаас үүсэж байгаа хамгийн гол асуудал нь тоосжилт, бэлчээр, усны нөөц, лиценз буюу орон нутагт эзэмшиж байгаа га талбайн асуудал. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хүний эрх болон мал бол төрийн хамгаалалтад байна гэдэг зүйл зөрчигдөж байна. Сошиал орчинд гарч байгаа асуудлууд мөн санаа зовоож байна. 

Тиймээс Ашигт малтмалын тухай хуулиас эхлээд Үндсэн хуулиараа энэ асуудлуудыг шийдэж, сум, баг, Засаг дарга гээд оролцогчдын эрх, үүргийг тодорхой болгох хэрэгтэй. Хариуцлагатай уул уурхай гэж юуг хэлэхээ мөн тодорхой болгож, иргэдэд мэдээлэл өгөх хэрэгтэй. Иргэдийн эргэлзээг тайлахын тулд мэргэжлийн байгууллагууд нь сайн ажиллаж, дүгнэлтээ гаргах шаардлагатай байна. 

Ч.Энх-Амгалан: Орон нутагт ажиллаж байгаа Засаг дарга, иргэн та энэ улсын хөгжилд юу оруулж, ямар хариуцлага хүлээж байгаа вэ гэдгээ өөрөөсөө асуугаарай

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны ерөнхийлөгч асан Ч.Энх-Амгалан:

Хайгуул хийх тусгай зөвшөөрлийг төр өмчөө мэдээд өгч байгаа. Газрыг эзэмшүүлж байгаа хэрэг биш. Геологийн судалгаа дор хаяж 10-15 жилийн өмнө явдаг. Гэтэл Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд багтаад төсвийн хөрөнгөөр ажлаа хийж чадахгүйд хүрээд байна. 

Орон нутаг, малчдын эрх ашгийг хүндэтгэнэ. Малчид хувийн малаа маллаад улсын газар дээр ажиллаж байгаа. Улсын төсвийн ¼-ийг Монгол Улс эрдэс баялгийн салбарын татвар, төлбөр хураамжаас олдог. Тэр мөнгөнөөс бүгд халамж авч байгаа. Аймгийн газар нутгийг тусгай хэрэгцээнд авсан бол төсвөө өөр хэлбэрээр бүрдүүлэх шийдэлтэй байх хэрэгтэй. 

Зөвшөөрөл аваад мэргэжлээрээ ажиллаж байгаа геологичид бид мөн ажиллаж, ар гэрээ авч явах эрхтэй. Гэтэл эрхээ зөрчүүллээ гээд гудамжинд гарч жагссан нэг ч геологич байхгүй. 

Орон нутагт ажиллаж байгаа Засаг дарга, иргэн та энэ улсын хөгжилд юу оруулж, ямар хариуцлага хүлээж байгаа вэ гэдгээ өөрөөсөө асуугаарай. 

Монгол Улсын эдийн 12 тэрбум доллар. ДНБ-ийг 50, 100 тэрбум доллар болоосой гэж геологичид бид хүсдэг хүмүүс. Дараагийн 100 жилийн хөгжлөө бодох ёстой гэлээ.

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн төслийн эцсийн найруулга бэлэн болсон талаар энэ үеэр УУХҮЯ-ны Бодлогын газрын дарга Б.Элбэгзаяа сонордуулав. Өмнө нь 300 удаа өөрчлөлт оруулсан уг хуулийн давхардал хийдлийг арилгаж байгаа бөгөөд дээр яригдсан асуудлууд шийдэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа аж. Хуулийн төсөл боловсруулахад баримталсан зарим нь хүн-байгаль орчин, нийгэм-эдийн засаг, үр дүн бөгөөд оролцогч талуудын эрх үүрэг илүү тодорхой болно гэдгийг тэрбээр хэллээ. Иргэд, уул уурхайн дунд бий болсон мэдээллийг ангалыг арилгахын тулд мэдлэг мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангана гэж үзэж байна. 

Ийнхүү хариуцлагатай уул уурхай болон хариуцлагагүй уул уурхайн талаар тал бүрийн байр суурийг олон нийт болон шийдвэр гаргах түвшинд сонордуулах ач холбогдол бүхий хоёр хэлэлцүүлэг “Mining week”-ийн хоёр дахь өдөр Шангри Ла зочид буудлын бага танхимд болж өндөрлөлөө. 

Уул уурхайн салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, "Оюу толгой" компани санаачлан анх удаа зохион байгуулж байгаа “Mining week” энэ долоо хоногийн дуустал үргэлжилнэ.